МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийн талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо
2022.11.02
Улстөр

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийн талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх ажлын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсов.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг тусгасан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан.

Мөн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, дэд ажлын хэсгийг аймаг, нийслэлд байгуулан ажиллаж байна. 2020 онд улсын хэмжээнд зохион байгуулсан эвдэрсэн газрын тооллогын дүнгээр нийт 30.000 га талбай эвдрэлд өртсөн гэсэн дүн гарсан. Үүнээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд эвдэрсэн 21.000 га талбай, зам, барилга байгууламжийн ажлын улмаас эвдэрсэн өртсөн 2.000 гаруй га талбай, бичил уурхай, хууль бус ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаа, төрийн өмчит улсын үйлдвэрийн олборлолт явуулж орхисон 8000 га талбай тус тус эвдрэлд орж, орхигдсон байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Эвдэрч орхигдсон талбайд нийт нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, 2020 онд улсын хэмжээнд техникийн нөхөн сэргээлт 1973 га, биологийн нөхөн сэргээлт 634 га талбайд хийгдсэн бол 2021 онд техникийн нөхөн сэргээлт 2123 га талбайд биологийн нөхөн сэргээлт 679 га талбайд тус тус хийгджээ.

Энэ онд аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд техникийн нөхөн сэргээлт 850.5 га, биологийн нөхөн сэргээлт 402.4 га, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хүрээнд 1522.3 га талбайд нөхөн сэргээлт хийхээр тус тус төлөвлөсөн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, эвдэрсэн газрын судалгааны дүнгээр Сэлэнгэ аймагт хамгийн их буюу 1753 га талбай эвдрэлд өртсөн. Бичил уурхайн үйл ажиллагааны улмаас 1100 орчим га талбайд эвдрэлд өртсөн нь нийт эвдэрсэн талбайн 3 хувийг эзэлж байна. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, байгаль орчныг хамгаалах хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын 2022 оны 8-дугаар сарын 08-ны өдрийн 296 дугаар тогтоолоор батлуулсан талаар мэдээлэв.

Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүдтэй биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хүрээнд эвдэрч орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг хийлгэхээр тусгайлсан гэрээ байгуулан ажиллаж байна. Тухайлбал, “Оюу толгой” ХХК-тай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг орчимд нийт 334.7 га газарт нөхөн сэргээлт хийх гэрээг энэ оны 4 дүгээр сард байгуулсан. Одоогоор 110 га талбайн нөхөн сэргээлтийг хийсэн. 2023 онд үлдсэн 224 га газрын нөхөн сэргээлтийг хийнэ. Мөн тус компанитай Дархан-Уул аймгийн Шарын голын орчимд 187 га орчим га газарт 2024 онд нөхөн сэргээлт хийхээр судалгааны ажлыг эхлүүлсэн гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн, ““Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газар нийгмийн хариуцлагын хүрээнд болон биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах зорилгоор 2021-2024 онд нийт 2000 га талбайг үе шаттайгаар нөхөн сэргээх зардлыг тусгаж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт жил бүр эвдэрч орхигдсон 500 га газрыг нөхөн сэргээх 3 талт гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Төв аймгийн Заамар сумын нутагт уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй 16 аж ахуйн нэгж, 2 нөхөрлөл, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хүрээнд тус сумын Хайлааст багийн Баянголын аманд эвдэрч орхигдсон 142 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хамтран гүйцэтгэсэн.

Гол мөрний урсац бүрэлдэх хийх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар Монгол орны гол мөрний урсац бүрэлдэх хийх ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд нийт газар нутгийн 25 хувьд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын дагуу усны сан бүхий газарт олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч 53 аж ахуйн нэгжтэй усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж, нөхөн сэргээх 5 талт гэрээ байгуулан ажилласан.

Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хуулиар хүлээсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргийг хангуулах, хариуцлагатай уул уурхайг дэмжих чиглэлээр тус яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.” гэлээ.

2019 оноос хойш хойших хугацаанд ашиглалтын болон хайгуулын нийт 55 тусгай зөвшөөрлийг цуцлуулсан боловч эдгээрээс 27 тусгай зөвшөөрлийг шүүхийн шатанд сэргээжээ. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулж, нөхөн сэргээлт хийгээгүй 9 аж ахуйн нэгжийн 11 тусгай зөвшөөрлийг 2019 онд цуцалсан. Гэвч одоогоор шүүхийн шийдвэрээр 8 тусгай зөвшөөрлийг эргэн сэргээснийг Б.Бат-Эрдэнэ сайд хэллээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн дагуу байгалийн нөөцийг ашигласны төлбөрийн орлогоос нөөцийн төрлөөс хамааран 15-85 хувийг байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах зохицуулалттай. Хуулийн дагуу 2021 онд улсын хэмжээнд 149.9 тэрбум төгрөг төвлөрсөн. Үүнээс байгалийн нөөц хэрэглэсний төлбөрийн тухай хуулийн дагуу 146 орчим тэрбум төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой байсан хэдий ч 12.2 тэрбум төгрөгийг л зарцуулсан байна.

Энэ нь хуулийн хэрэгжилт дөнгөж 26 хувьтай хангагдаж байгаа хэлбэр юм. Зориулалт бусаар буюу байгаль хамгаалах, нөхөн сэргээхээс бусад үйл ажиллагаанд 34.4 тэрбум төгрөгийг хууль бусаар зарцуулсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс Байгаль хамгаалах багц хуулийн төслийг УИХ-д ойрын хугацаанд өргөн мэдүүлж батлуулах, хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдэд тооцох хариуцлагыг чангатгаж, шаардлагатай бол олон нийтэд нээлттэй зарлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлж байлаа.

Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр салбарын яаманд холбогдох үүрэг, чиглэлийг өгөхөөр тогтсоноор хуралдаан өндөрлөлөө

ШИНЭ МЭДЭЭ