2022.11.02
Гадаад харилцаа
Австралийн Гео шинжлэх ухааны агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа
Бидний томилолтын гол зорилго “ашигт малтмалын хайгуулын салбарт шинэлэг технологи, хөрөнгө оруулалт эрэлхийлэх” явдал. Энэ чиглэлийн геологийн суурь судалгаатай холбогдох чухал уулзалт боллоо.
Австрали улс геологи, хайгуулын салбартаа “Exploring for the Future” төслийг 2 үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд газрын хөрсөн доорх эрдэс баялаг, гүний ус, эрчим хүчний талаарх шинжлэх ухааны шинэ мэдээ, мэдээллийг өмнө нь байгаагүй түвшинд авахын тулд тэргүүлэх эрдэмтэд инновацилаг техник, технологийг ашиглан судалгаа хийж байна. Арга зүйн хувьд геофизикийн судалгаа, геохимийн дээж, гидрологийн зураглал, давхарга зүйн өрөмдлөгийг ашиглан мэдээлэл цуглуулдаг.
Манайх яг энэ цогц судалгааг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс хөтөлбөрийн агуулга, хүрсэн үр дүнгийн талаарх арга туршлагыг судлан санал солилцлоо.
Түүнчлэн хайгуулын судалгааны нарийвчлал, энэ салбарт нэвтэрсэн орчин үеийн технологи, шинэлэг ололтуудыг МУ-д нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлж хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
Мөн газрын ховор элемент, батарейн түүхий эдийн геологи, хайгуулын чиглэлийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад 3-6 сарын хугацаатай тогтмол урьж ажиллуулах, энэ чиглэлээр байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтээ тавьлаа.
Цаашид 2 улс энэ салбарт олон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ гэж найдаж байна.