МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Геологи хайгуул, олборлолтын компаниуд Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар ярилцлаа
2022.11.03
Гадаад харилцаа

Геологи хайгуул, олборлолтын компаниуд Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар ярилцлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан захирал Демус Кингтэй уулзлаа.

ВНР, Ринто Тинто, Янкоул Австрали зэрэг компанийн гишүүнчлэлээс бүрддэг тус байгууллага нь эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил, хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг дэмжих, сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Уулзалтын үеэр Австралийн геологи хайгуул, олборлолтын компаниудыг Монгол Улсад хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах боломж, манай улсын геологийн нөөц, бололцооны талаар талууд санал, мэдээлэл солилцлоо. Геологи хайгуул, олборлолтын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, цаашид геологи хайгуулын чиглэлээр өндөр технологи нэвтрүүлэх шаардлага, Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлогын талаар сайд Ж.Ганбаатар мэдээлэл өгөөд, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.

Австралийн Гео-шинжлэх ухааны байгууллага геологийн хайгуулын ажил гүйцэтгэж, дараагийн шатанд хайгуул хийх компаниудын эрсдэлийг багасгадаг нь хөрөнгө оруулалт татахад ихээхэн хувь нэмэр оруулдаг тул энэ жишгийг Монгол Улсад нутагшуулах нь чухал болох талаар Демус дурдав. Хоёр тал цаашид уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн өдөр сайд Ж.Ганбаатар Викториа мужийн Дэд комиссар бөгөөд Ойрхи Дорнод, Төв Азийн бүсийг хариуцсан захирал Кассем Янестай уулзлаа. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох журам, газрын ховор элемент, критикал минерал, зэсийн хайгуул, олборлолтын тухай санал солилцож, байнгын харилцаатай хамтран ажиллахаар санал нэгдсэнийг УУХҮЯ мэдээллээ. 

ШИНЭ МЭДЭЭ