МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.11
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Урьдчилан сэргийлдэг тогтолцоог Монгол улсад хэрэгжүүлмээр байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.11\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Эл асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Монгол улсын хөдөлмөрийн насны хүн амын нас баралтын 77% буюу халдвар, халдварт бус өвчнөөр нас барж байгаа 10 хүнээс 8 хүнийг аврах боломжтой. Сүүлийн 20 жилд хавдраар шалтгаалсан нас баралт тасралтгүй өссөөр өнөөдөр дэлхийд хавдрын нас баралтаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Ковидын үед Засгийн газар тодорхой хэмжээнд сайн ажиллаж бусад улс орнуудтай харьцуулахад арай бага улсын хэмжээнд 2000 гаруй цар тахлын өвчнөөр алдсан. Гэтэл жил болгон бид 4000-5000 орчим хүнийг хавдрын өвчлөлөөр алдаж байна. Жишээлбэл 2021 онд 4251 хүн хавдраар нас барсан. Энэ тоог харвал бүтэн 1-2 сумын хүн амын тоотой тэнцэх хүмүүсээ хавдраар алдаж байгаа юм. Энэ бол санаа зовоож буй асуудал.

 Халдварт өвчнөөр өвдөж буй шалтгаан нь таргалалт гэдгийг та нар тайландаа дурдсан. Монгол улсын нийт бүс нутгийн түвшинд илүүдэл жин ба таргалалтын тархалт насанд хүрсэн 2 хүн тутмын нэг, 3 хүүхэд тутмын нэгд байгаа нь гамшгийн хэмжээнд хүрч нийгмийн эрүүл мэндэд тулгарч болзошгүй хамгийн том эрсдэл болоод байна. Монгол улсын хөдөлмөрийн чадвартай хүн амын 55% нь илүүдэл жинтэй. Эдгээрийн 19% нь таргалалт өвчний оноштой. Ийм байхад хүн амынхаа дундаж наслалтыг нэмэгдүүлэх юм бэ. Ялангуяа эрэгтэйчүүдийнхээ дундаж наслалтыг яаж өсгөх вэ гэдэг чухал асуудал болоод байна.

Өнөөдөр айл болгонд хамаатан садан, найз нөхдийн дунд хавдартай хүн байна. Ард иргэд туйлдаж байна. Ийм байхад өвчлөлийг архагшсан, хожуу үед нь өртөг өндөртэй оношлоод, эмчлээд үүнд эрүүл мэндийн салбарын төсвийн 70 гаруй хувийг зарцуулж байгаа нь урвуу тогтолцоотой яваад байна гэдгийг харуулж байгаа юм. Манай эрүүл мэндийн салбарын тогтолцоо нь урьдчилан сэргийлэх биш өвдсөн хойно нь эмчилдэг урвуу тогтолцоотой. Үүнд улс хамаг төсвөө барж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид хүчээ барж байна. Өвдөхөөс өмнө хамгаалж чаддаг, урьдчилан сэргийлдэг тогтолцоог Монгол улсад хэрэгжүүлмээр байна.

Үндсэн 2 чиг үүргийнхээ нэгийг нь илүү үр дүнтэй болгож чадвал өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажилтнуудын маань ачаалал буурч, тэд нар арай илүү нөхцөлд ажиллах боломж бүрдэнэ.

Монгол улсын 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн чиглэлд халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, илрүүлэх тогтолцоог үндэсний түвшинд шинэчлэн нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлнэ гэж заасан. Уг арга хэмжээний хэрэгжилтийг 2021 онд 100% гээд үнэлсэн. Энэ ажилд 18,6 тэрбум төгрөг зарцуулсан.

ШИНЭ МЭДЭЭ