Х.Нямбаатар: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төсөв хэрэгтэй
2022.11.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Х.Нямбаатар: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төсөв хэрэгтэй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хамтарсан багийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй анхан шатны хамтарсан баг. Энэ багт хороо, сумын хэсгийн төлөөлөгч, нийгмийн ажилтнууд, өрхийн эмч нар баг болж ажилладаг. Бид 2021 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны төсвөөс 360 сая төгрөгийг хамтарсан багт шилжүүлсэн. Хамтарсан багууд эрсдэлтэй айлуудаар явж, суурь судалгаа хийх шатахууных нь зардлыг шийдэж өгсөн.

Өнгөрсөн жил бас 250 сая төгрөгийг өгсөн. Хамтарсан баг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргээр айл өрхүүдээр явж судалгаа хийдэг. Энэ хүмүүсийг тусдаа төсөвтэй, урсгал зардалтай болгож байж гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна. Бид 2023 онд судалгаа, датанд суурилж, айл өрхүүдэд сургалт хийе. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийг заавал зөрчлийн дуудлага мэдээллээр таслах зогсоох бус соён гэгээрүүлэх чиг үүргээр цаашид ажиллах зорилгыг тодорхойлж байна.

Нэгэнт зөрчил үйлдсэн тохиолдолд этгээдийн зан үйлийг засч, сургалтад хамруулах, гэр бүлийг салгахгүй, үр хүүхэд нь гэр бүлийн халуун дулаан орчинд өсч, торних нөхцөлийг давхар ярьж байна.

Сая ирэх оны төсвийг баталлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлахдаа хамтарсан багийн чиг үүргийг зааж өгснөөс биш төсөв санхүүг нь шийдэж өгөөгүй. Цаашид шийдэж өгөх ёстой юм. Хамтарсан багууд төсөв санхүүгүй ч өнгөрсөн таван жилийн хугацаанд ажил нь зүгширсэн. Нэг баг болж байна. Эхнээсээ сургалт хийж эхэлсэн" гэдгийг хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ