МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БОХХААБХ: Газрын тухай таван багц хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.11.16
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

БОХХААБХ: Газрын тухай таван багц хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.11.15) хуралдаан 14 цаг 14 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакираас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ.

Хуралдаан “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ.

Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн, Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Газрын тухай таван багц хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, орон зайн мэдээллийн менежментийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх суурь орчныг бүрдүүлдэг онцлог салбар гэдгийг тодотгоод үүнтэй холбогдуулан тус яамнаас газрын шинэтгэлийн бодлогын хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох зорилгоор газрын багц таван хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Нэг.Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар, Салбарын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, газрыг төлөвлөх, бүртгэх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл боломжийг нэмэгдүүлж, бэхжүүлэх, төрийн өмчийн газар ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, газрын нэгдсэн төлөвлөлт, бүртгэлээр дамжуулж салбар хоорондын уялдааг хангах, газрын эрхийг иргэний хуулийн суурь эрхийн зохицуулалттай нийцүүлэх, төрийн үйлчилгээг цахим системээр ил тод, түргэн шуурхай зохион байгуулах зэрэг ажлуудыг оновчтой, зөв, хурдан шуурхай шийдвэрлэх шаардлагыг бүрэн хангах зорилт тавьж боловсруулсан байна.

Хоёр.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар, Төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газар өмчлөх эрхийн олголт, бүртгэл, хяналт хийх, иргэн өмчийн газраа бусдад ашиглуулах, уг эрхээ газрын бусад эрхээр иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, газар өмчлөгч иргэний эрхийг хязгаарлах эрх, иргэний газар өмчлөх эрхийг баталгаажуулах зэрэг зохицуулалтуудыг Газрын ерөнхий хуулийн үзэл баримтлалтай уялдуулан шинэчлэн боловсруулсан.

Гурав.Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, Кадастрын олон зориулалтын бүртгэл, түүнийг эрхлэх цогц үйлчилгээ, үйл ажиллагаагаар хуульчилж, улсын хэмжээнд эрхийн төрөл харгалзахгүйгээр газрын гадарга, газар, түүний дэд талбар, объектыг улсын бүртгэлд бүртгэх, кадастрын зураглалын ажлыг хийх, кадастрын мэдээллийн сан үүсгэх, газрын үнэлгээ, төлбөр, татварын нэгдсэн тогтолцоог бий болгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан.

Дөрөв.Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, зөвхөн газрын төлбөр ногдуулах төлбөрийг төсөвт төвлөрүүлэхээс гадна хөнгөлөх, төлөвлөх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг тодорхойлж, төлбөр төлөгчийг мэдээллийн санд бүрэн бүртгэснээр газрын төлбөрийн бааз суурийг өргөтгөх, төлбөр хураалтыг сайжруулах, төлбөр төлөхөөс зайлсхийх явдлыг зогсоох, цахим мэдээллийн системийг ашиглах талаарх зохицуулалтыг тусгасан.

Тав.Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай анхдагч хуулийн төслийн талаар, Төрөөс улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон дэд бүтцийн болон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байгаатай уялдуулан улсын тусгай бол нийгмийн зайлшгүй хэрэгжсэн ашиг сонирхолд нийцүүлэн хувийн өмчийн эзэмшил, ашиглалт байгаа газрыг чөлөөлөх шаардлага гарч байна. Иймд газар чөлөөлөх үндэслэлийг тодорхой болгож, гагцхүү хуульд заасан үндэслэлээр газар чөлөөлөх, газар өмчлөгч, газрын эрх бүхий этгээдэд нөхөн төлбөрийг олгох, мөн төрийн байгууллага болон газар чөлөөлөлтөд өртөгч хүн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхой болгосон зохицуулалтыг цогц байдлаар тусгасан хэмээн танилцуулгад тус тус дурдсан байлаа.

Газрын багц хуулийн төслөөр дамжуулан газрын харилцааны хууль эрх зүйн орчны шинэчлэлийг цогцоор хийж, салбарын зүгээс ил тод, нээлттэй иргэн, хуулийн этгээдийн хувьд цаг хугацаа хэмнэсэн чирэгдэлгүй, авлигаас ангид үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Ц.Туваан, Г.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Ц.Идэрбат, Б.Бейсен, Г.Ганболд нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд бэлчээр болон газар тариалангийн бүсийн газар ашиглалт, хамгаалалтыг асуудлыг хэрхэн тусгасныг илүүтэй лавлахын зэрэгцээ тусгай хамгаалалттай газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах асуудлыг хөндөж байлаа.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариултдаа, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд зарим бэлчээрийг гэрээгээр ашиглах зохицуулалт байдаг ч хэрэгжих боломжгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бэлчээрийг өмчилж, эзэмшихгүй, харин нийтээрээ ашиглахаар Монгол Улсын Үндсэн хуульд зохицуулсан. Үүнийг тодотгосон хуулийн заалтуудыг төсөлд туссаныг тодотгоод бэлчээр ашиглалтыг Засгийн газрын журмаар нарийвчлан зохицуулахаар болсон гэв.

Мөн тэрбээр, өнөөдрийн байдлаар зөвхөн отрын нөөц бэлчээрийг гэрээгээр ашиглах зохицуулалттай байсан. Харин хуулийн төсөлд хавар, намар, зун, өвлийн бэлчээр, хужир мараа, уст цэг бүхий бэлчээрийг нийтээрээ улирлын хуваарьтай ашиглана. Улирлын хуваарийг сумын газар зохион байгуулалтын ерөнхий болон жилийн төлөвлөгөөний дагуу ашиглах зохицуулалтыг тусгасан. Гэхдээ өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1 га-гаас илүүгүй газрыг барилга байгууламж барих эрхийн дагуу эзэмшүүлнэ гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр, тусгай хамгаалалттай газар дээр газрыг зөвхөн гэрээгээр ашиглуулна гэдгийг тодотгохын зэрэгцээ газар тариалангийн талбайн ашиглалт нь Тариалангийн тухай хуулиар нарийвчлан зохицуулагдана. Гэхдээ уг хуулийн төсөлд атар газрыг тариалангийн эргэлтэд шилжүүлэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан төдийгүй зөвшөөрөлгүйгээр атар газар хагалсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг онцолж байлаа.

Мөн гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад газар тариалан, мал аж ахуйн салбарт үүсээд байгаа бэлчээр, тариалангийн талбайтай холбоотой газрын маргааныг олон талаас нь нухацтай ярилцаж, оновчтой зохицуулах шаардлагатайг тодотгохын зэрэгцээ 330 сумын хилийн цэсийн асуудлыг хөндөх шаардлагагүй гэсэн санатай байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж хэлэлцэх, мөн төсөлд туссан мэргэжлийн гадаад нэр томьёог монгол хэлнээ хөрвүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 38 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг явуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, кадастрын бүртгэлтэй холбоотой маргаантай асуудлаас үүдсэн алдаа зөрчлийг арилгах талаар салбарын яамны зүгээс анхаарч, арга хэмжээ авч хэрэгжүүлдэг эсэх, кадастрын бүртгэлийн хариуцлагын асуудлыг төсөлд хэрхэн тусгасаныг лавлаж байлаа.

Ажлын хэсгийн зүгээс, аймаг, сумдын хилийн цэсийн маргаантай асуудал нь газар зүйн нэршилтэй холбоотой байдаг. Энэхүү маргааныг шийдвэрлэхээр мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн Ажлын хэсэг ажиллаж, Улсын Их Хурлын холбогдох тогтоолд тусгаж баталсан цэг, тэмдэглэгээний дагуу үзлэг, шалгалтыг хийдэг. Үүний үр дүнд улсын хэмжээнд нийслэлтэй хил залгаа сумаас өөр бусад сумдад хилийн цэстэй холбоотой эрх зүйн маргаан байхгүй байна гэсэн хариултыг өгсөн.


Өнөөдөр улсын хэмжээнд 300 гаруй кадастрын зураглал хийдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд яамны зүгээс хяналт, шалгалтыг байнга явуулдаг. Зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг төдийгүй хуулийн төсөлд уг асуудлыг сайжруулсан заалтуудыг тусгасан гэсэн тайлбарыг Ажлын хэсгээс өгч байлаа.

Ингээд Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 15 хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдаан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлүүллээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн гурван хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.


Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.

Газрын төлбөрйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Үргэлжлүүлэн Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

“Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжив

ШИНЭ МЭДЭЭ