МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Оюуны өмчийн газарт ажиллалаа
2022.11.21
Эдийн засаг, Худалдаа

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Оюуны өмчийн газарт ажиллалаа

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Оюуны өмчийн газарт ажиллаж хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлаар санал, солилцож үйлчилгээ авч байгаа иргэдтэй уулзлаа.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан болон даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Оюуны өмчийн тухай,  Зохиогчийн эрхийн тухай, Патентын тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн хэрэгжилт, цахим шилжилтийн талаар болон Оюуны өмчийн байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, тулгамдаад байгаа асуудлын талаар танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Их Хурлаас Оюуны өмчийн багц хуулиудыг шинэчлэн баталж хэрэгжүүлж эхэлснээс хойш 1 жил гаруйн хугацаа өнгөрч байгаа хэдий ч Оюуны өмчийн зуучлагчийн үйл ажиллагааг амжилттай хөгжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн үзэл баримтлалыг нэг мөр хэрэгжүүлж, хурдацтай ажиллаж байгаад талархал илэрхийлээд хуулийн боломжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахад анхаарч ажиллах талаар санал хэлэв.

Түүнчлэн зохиогчийн эрхийг зөрчдөг, хуулбарлан тараадаг, хууль бусаар ашигладаг зэргээр зохиогчийн амины болон эд хөрөнгийн онцгой эрхийг зөрчдөг асуудлыг таслан зогсоох шаардлагатай гэдгийг онцолж, Оюуны өмчийн багц хуулийн гол үзэл баримтлал болох оюуны өмчийг болон аж үйлдвэрийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинжлэх ухаан, технологи, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн гол хөшүүрэх болгох нь зүйтэй талаар санууллаа.

Оюуны өмчийн тухай анхдагч хуулиар Оюуны өмчийн зуучлагчийн хуулийн этгээдийн зохицуулалтыг шинээр бий болгосонтой холбоотой 4 хуулийн этгээдэд зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгсөн. “И Эс Эй Эн” ХХК буюу И-Сан /eSAN/, “Монгол контент” ХХК оюуны өмчийн салбарт тэр дундаа зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

И-Сан /eSAN/ ESAN нь 15 их дээд сургууль, 30 гаруй байгууллага, 1000 орчим зохиолчидтой хамтран ажиллах гэрээ байгуулж, 30,000 орчим контентийг цахимжуулж,  цахим санд байршуулжээ.

Түүнчлэн ESAN үндэсний цахим сан нь бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ хиймэл оюун ухаан дээр суурилан хөгжүүлдэг. Дэлхийн хамгийн том буюу Европын холбооны DRM/Digital rights management/ буюу аливаа контент оюуны өмчийн хулгайд өртөхөөс сэргийлдэг системийг ашиглан контентын оюуны өмчийг хамгаалж байгаа юм.

2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр зуучлагчаар бүртгэгдсэнээс хойш 10 сарыг дуустал 123,504 хэрэглэгч системд хандаж, 1,365,289 хуудас материал уншсан, нийт орлого 53,413,390 төгрөг, үүнээс зохиолчдод 18,160,552 төгрөг хуваарилсан байна.

 “Монгол конттент” ХХК нь 1000 гаруй уран бүтээлч, эрх эзэмшигчтэй гэрээтэй, 18,000 орчим уран бүтээлийг зуучлах албан ёсны эрх авсан. Монголын хамтлаг, дуучид, эрх эзэмшигч уран бүтээлчдийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр HiTone, Unimusic, gTone, SkyMelody, MMusic зэрэг хөгжмийн дэлгүүр, стрийм болон бусад үйлчилгээнд нийлүүлдэг. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны компанийн Эгшиг /egshig/ апликейшнд уран бүтээл нийлүүлж байгаа бөгөөд зөвхөн гар утасны дуудлагын үеэр явдаг дуу, аяны орлогоос 2021 онд 29,1 сая төгрөгийг Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгд шилжүүлсэн талаар Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан танилцууллаа.

Оюуны өмчийн газар нь 2022 оны 7 дугаар сард Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай “Оюуны өмчийн байгууллагын бизнесийн үйлчилгээг хөгжүүлэх Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан байна.
Аж үйлдвэрийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр мэдээллийг ил тод нээлттэй байлгах, оюуны өмчийн үнэлгээчин бэлтгэж, оюуны өмчийн үнэ цэнийг тогтоодог болох, газар зүйн заалттай бүтээгдэхүүн хөгжүүлэх гэсэн 3  чиглэлээр ажиллаж байна.

Оюуны өмчийн газар нь аж үйлдвэрийн өмчийн мэдээллийн цахим санг бүрдүүлж цахим хуудастаа нээлттэй байршуулсан. Аж үйлдвэрийн өмчийн мэдээллийн цахим санд өнөөдрийн байдлаар шинэ бүтээл, ашигтай загварын 7,951 патентын, 3,959 бүтээгдэхүүний загвар, 87,216 барааны тэмдгийн мэдээлэл нээлттэй, ил тод байршсан байгаа талаар Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан танилцууллаа.

Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Оюуны өмчийн газарт үйлчилгээ авч байсан иргэн Н.Баяндүүрэнтэй уулзаж оюуны өмчийн газрын үйлчилгээний талаар санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ