2022.11.29
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Манай улс туршилтын гурван хиймэл дагуулыг ирэх онд хөөргөнө

Монгол Улс түүхэндээ анх удаа арилжааны зориулалттай хиймэл дагуул хөөргөх төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тодруулбал, Монголын сансрын үндэсний зөвлөлийг төлөөлж УИХ, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбоо /ЦХХХ/ -ны сайд, Сансрын зөвлөлийн тэргүүн Н.Учрал, Кюүшүгийн технологийн институтыг төлөөлж тус институтийн Ерөнхийлөгч Ясүнори Митани болон ОНДО Спейс компанийг төлөөлж үүсгэн байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч Ч.Анар болон Гүйцэтгэх захирал О.Алтаншагай нар хамтран ажиллахаар болжээ.

ОНДО Спейс ХХК эхний ээлжид туршилтын гурван хиймэл дагуулыг 2023 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа ажээ. Улмаар ирэх таван жилийн хугацаанд нийт 175 ширхэг ижил төрлийн хиймэл дагуулыг дотооддоо бүтээж, сансарт гаргана хэмээн төлөвлөсөн байна.

Уг хиймэл дагуулууд нь ажиллагаанд орсноор дэлхийн хаанаас ч үүрэн холбооны сүлжээ ороогүй газраас ч мэдээлэл дамжуулах боломжтой ажээ. Мөн машин хоорондын харилцаа, алсаас удирдах систем, IT-д чиглэсэн үйлчилгээ үзүүлэх аж.

ОНДО Спейс компани хиймэл дагуулуудын сансрын орчны тестүүдийг Кюүшүгийн технологийн институттэй хамтран хийх, тоног төхөөрөмжийг ашиглах, дотооддоо сансрын орчны тестийн лаборатори дээр хүний нөөцийг бэлтгэх гэх мэт ажлууд багтсан байна.

Кюүшүгийн технологийн институт нь жижиг хиймэл дагуул хөгжүүлэлт, хөөргөх салбарт дэлхийд тэргүүлдэг ажээ.

ШИНЭ МЭДЭЭ