МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
2022.11.30
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.11.29) хуралдааны эхэнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Зөвшөөрлийн тухай хуулийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар тогтоолоор “Зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хуулийг Зөвшөөрлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан.


Иймд зөвшөөрөл олгох харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж хоорондын зөрчил, давхардал, хийдлийг арилгах хүрээнд Стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийт 89 хуулийн төсөл, 1 Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус боловсруулж, өргөн мэдүүлжээ.

Хуулийн төслийг боловсруулахад холбогдох яам, төрийн захиргааны байгууллага, түүнчлэн зөвшөөрөл олгох бусад эрх бүхий этгээд буюу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт Засгийн газрын бус байгууллагын оролцоог хангаж, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага болон холбогдох нийтийн эрх зүйн хуулийн этгээд, мэргэжлийн холбоодтой хамтран ажилласан болохыг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан танилцуулсан.

Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор зарчмын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг оруулсан байна. Зөвшөөрлийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд зөвшөөрөл олгох, сунгах болон цуцлах шийдвэр төдийгүй ажиллагааны үе шат, явцын талаарх мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжид цахим хэлбэрээр ил тод, нээлттэй хүргэх, мэдээллийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх талаар эрх бүхий этгээдийн үүргийг тодруулж, зарим төрлийн зөвшөөрөлд тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох нөхцөлтэй холбоотой нэмэлт зохицуулалтыг тусгажээ.

Хуульд заасан зөвшөөрлөөс 2 тусгай, 3 энгийн зөвшөөрлийг хасч, 2 тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрлийн ангилалд шилжүүлэх нь зүйтэй хэмээн холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. Цахим шилжилтийн эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх болон радио давтамжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглах үйл ажиллагаа, байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлээрх эрсдэл бүхий тодорхой үйл ажиллагааг зөвшөөрөлтэй болгох шаардлагыг харгалзан 4 тусгай, 3 энгийн зөвшөөрөл олгох зохицуулалтыг төсөлд нэмж тусгасан гэлээ.


Зөвшөөрлийн зорилго, эрсдэлийн түвшин зэргийг харгалзан тавигдах нөхцөл, шаардлагыг стандартаар тогтоож, заавал мөрдүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна. Энэхүү өөрчлөлтийн дагуу Зөвшөөрлийн тухай хуульд заасан 108 төрлийн тусгай зөвшөөрөл, 7 төрлийн энгийн зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааны стандартыг тусгайлан баталж, зөвшөөрөл эзэмшигч түүнийг заавал дагаж мөрдөх юм байна.

Зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой хураах улсын тэмдэгтийн хураамжийн зорилгыг харгалзан улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдлийг өөрчлөх зохицуулалтыг тусгасан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна.

Зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс гадна салбарын нийт 85 хуулийн төслийг боловсруулсан байна. Салбарын бусад хуулиар зохицуулж байгаа зөвшөөрлийн төрөл, ангиллыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлж, жагсаалтад багтаагүй боловч тухайлсан хуульд заасан зөвшөөрөл болон эрх олгох зохицуулалтыг хүчингүй болгон зохицуулсан.

Зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлагыг хэт ерөнхий, эсхүл оновчгүй байдлаар тогтоосныг залруулах зохицуулалт болно хэмээн үзжээ. Мөн зөвшөөрөл олгох харилцаанд мөрдөх журмыг зөвхөн хуулиар тогтоох зарчимд нийцүүлэн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журмыг тухайлсан хууль бүрд тодруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр, Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн.

Хэлэлцүүлгийн явцад хуулийн төсөл санаачлагчдийн зөвшөөрснөөр төслүүдийг нэгтгэн, хэлэлцэж баталсан. Ингэхдээ зөвшөөрлийн суурь харилцааг зохицуулсан хуулийг баталж, үүний хамтаар зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчныг 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр батлагдсан Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх үүргийг тогтоолоор Засгийн газар өгсөн байна. Энэ дагуу дээрх төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлж байгаа гэх хариултыг ажлын хэсгээс өгөв.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг энэ талаар хуралдаанд танилцуулав. Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшааг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяаг нэмэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулсан. Байнгын хорооны гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжсэн тулд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Энэ өдрийн Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Засгийн газраас 2022 оны 264 дүгээр тогтоолоор 2023, 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Монголд зочлох жилийн бэлтгэлийг хангах, аялал жуулчлалын салбар дахь эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлаас 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэн найруулгыг боловсруулах шаардлага бий болсон. Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 27-д Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж батлуулахаар заасан гэдгийг Х.Нямбаатар сайд танилцууллаа.

Төсөлд аялал жуулчлалыг эдийн засгийг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд зориулан салбарын оролцогчдын эрх зүйн байдлыг сайжруулах зохицуулалтыг тусгажээ. Мөн аялал жуулчлалын салбарыг бие даасан санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр дэмжих зорилгоор “Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан” бий болгох, уг сангийн удирдлагад хувийн хэвшлийн оролцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Аялал жуулчлалын байгууллагын тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилан экспортын үйлдвэрлэлд тооцох, татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Аялал жуулчлалын худалдан авсан бараа бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувь буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн Засгийн газар үзсэн байна. Аялал жуулчлалын стратегийн ач холбогдол бүхий бүсийг зарлан бүсийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын ойлголтыг нэвтрүүлж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой тусгай зориулалтын зарим төрлийн ан агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар нээлттэй олгох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хил орчмын аялал жуулчлалыг олон улстай улсын тусгай зөвшөөрөлтэй тур оператор компаниар гүйцэтгүүлэх тусгай нөхцөлийг тодорхойлсон гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдсан юм. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын найруулгаар үндэсний онцлог бүхий үндэсний соёл, байгаль, түүх, соёлын өвийг мэргэжлийн үүрэг, мэргэжлийн холбоод, тухайн орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан аялал жуулчлалын холбоо аялал жуулчлалын үйлдвэрлэл болон болгон хөгжүүлснээр 2024 онд сая жуулчин хүлээн авч, дотоодын зах зээлд 2 тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтийг бий болгоно гэж үзэж байгааг дурдав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 5 бүлэг, 33 зүйлтэй бөгөөд Аялал жуулчлалын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 13 хуульд өөрчлөлт оруулах төслийг хамтад нь боловсруулсан гэдгийг мөн дурдав.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Х.Булгантуяа нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан. Түүнчлэн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, М.Оюунчимэг, Ц.Цэрэнпунцаг нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 7 нь 63.6 хувийн саналаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо

ШИНЭ МЭДЭЭ