МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжив
2022.12.01
Эдийн засаг, Худалдаа

Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжив

  Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.11.30) хуралдаан 15 цаг 50 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн, шийдвэрлэв.

Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжив

Хуралдааны эхэнд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөхөөр Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ирүүлсэн асуудлыг хэлэлцэв. Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулиар энэ оны алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувиас хэтрэхгүй байхаар баталсан. Төсөв ийнхүү алдагдалтай батлагдсанаар төсвийн орлого, зарлагын зөрүүг Засгийн газрын өр үүсгэж, санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Иймд, “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү 100 сая ам.доллартой тэнцэх “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийг авч ашиглахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай зээлийн хэлэлцээрийг  2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хийж, тус хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллартой тэнцэх зээл олгох асуудлыг тус банкны Захирлуудын зөвлөл 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр баталсан" гэв.

Мөн төлбөрийн тэнцлийг дэмжих, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай энэхүү эх үүсвэрийг оны өмнө яаралтай авч ашиглахаар төлөвлөн ажиллаж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас авч ашиглах 100 сая ам.долларын зээлийн эх үүсвэр нь эхний гурван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, долоон жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй бөгөөд баталгаат овернайт санхүүжилтийн хүү буюу SOFR хөвөгч суурь хүү дээр 0.81 хувийн нэмэгдэлтэй болно гэж  байлаа.

Үргэлжлүүлэн тус Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх, эсэх талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нар тус тус танилцуулав.

Байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг зөвшилцөхийг дэмжсэн гэж байлаа. 

   

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Ингээд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.   

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжлээ

   Үргэлжлүүлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл"-ийг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дурдаад төслийг хэрэгжүүлснээр бэлчээрийг хамгаалах, даац, ачааллыг бууруулах замаар бэлчээрийн менежмент, малын үржил, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, сүргийн бүтцийг бүрдүүлэх, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, зуд гэх мэт байгалийн гэнэтийн гамшигт өртөмтгий байдлыг бууруулах зэрэг ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. 

Мөн Монгол Улсын Засгийн газраас ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаатай нийцэж байгаа тул, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл бүс байгуулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, малын бэлчээр, тэжээл, усан хангамжийг сайжруулах, зохистой ашиглах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, малын эрүүл мэндийг хамгаалж, уламжлалт бэлчээрийн мал сүргийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, өсвөр малыг богино хугацаанд эрчимтэй шахаж бордон, гарал үүсэл нь тодорхой, олон улсын мал эмнэлгийн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлж, монгол малын махны үнэ цэнийг өсгөнө гэж байлаа.

 Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, малын өвчингүй эрүүл бүс бий болж, бэлчээрийн монгол малын мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөж, үйлдвэрлэл тогтворжиж, олон улсын эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой явуулах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ үржлийн бус эр сувай болон өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, мал сүргийн тооны хэт өсөлтийг бууруулж, бэлчээрийн даац, ачааллыг багасгаж, тэжээлийн нөөц сайжирна гэдгийг сайд танилцуулгадаа дурдсан.

    Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Танилцуулгад, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг зөвшилцөхийг дэмжээгүй”  гэдгийг онцолсон бол  Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг зөвшилцөхийг дэмжсэн” гэдгийг дурдлаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан “Тус зээлтэй холбоотойгоор Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдээс санал гарсан. Зээлийн төсөл доторх зарим зүйлийг өөрчлөх шаардлагатай талаар гишүүд саналаа хэлсэн. Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банктай дахин хэлэлцээрт орж, зарим заалт, хүрээг өөрчлөх талаар хэлэлцсэнийг тодотгосон. 

Мөн  энэ дагуу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Азийн хөгжлийн банкнаас албан бичиг ирүүлснийг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав. Уг албан бичигт “Тус төсөл батлагдаж, хэрэгжмэгц 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын холбогдох бодлоготой нийцүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны зүгээс шаардлагатай өөрчлөлтийг төсөлд оруулахад бэлэн байна. Бидний зүгээс тус төслийг батлуулахад шаардлагатай бүх мэдээллийг гаргаж өгөхөд бэлэн” гэсэн байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, хариулт аван, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа зээлийн хэлэлцээрт хийх өөрчлөлт болон таван аймгийг төсөлд хамруулахаар сонгосон шалгуур, үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр зээл авахыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малыг эрүүлжүүлэх чиглэлд хэрэгжүүлэх шаардлагатай талаар санал хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан “Малыг эрүүлжүүлэх болон Монгол Улсын экспортыг дэмжихэд чиглэсэн хэрэгцээтэй бусад ажлыг хийхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам идэвхтэй оролцоно. Хэрэв ингэхгүй бол гарын үсэг зурахгүй гэдгээ салбарын сайд сая хариуцлагатайгаар мэдэгдлээ. Үүнийг протоколд тэмдэглэе" гээд "Азийн хөгжлийн банкны ирүүлсэн албан бичгийг сая уншиж танилцуулсан. Төсөл батлагдсанаараа явна, хашаа хороо барина гэдэг асуудал руугаа битгий ороорой" гэдгийг анхааруулав.

Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад,  хуралдаанд оролцсон гишүүдийн 66.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт, тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов 

ШИНЭ МЭДЭЭ