МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Газрын төлбөрийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2022.12.01
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Газрын төлбөрийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. 

БОХХААБайнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав.

Газрын төлбөрийн тухай хуулийн төсөлд дараах асуудлыг тусгасан байна

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа газрын суурь үнэлгээтэй холбоотой харилцааг олон улсын жишгийн дагуу Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаж, Газрын төлбөрийн тухай хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай харилцааг дутуу тодорхойлсныг илүү өргөн хүрээнд тодорхойлсон байна.

Газрын төлбөрийн хувь хэмжээг тодорхой хязгаарт багтаан нэмэгдүүлж, энэ хязгаар дотор багтаан хөгжлийн онцлог, хүн ам, газар ашиглалтын байдалд нийцүүлэн газрын төлбөр хэд байхыг тухайн орон нутаг өөрөө шийдвэрлэдэг байх зохицуулалтыг тусгажээ. Энэ зохицуулалттай холбогдуулан Татварын ерөнхий хуульд “газрын төлбөрийг Засгийн газар тогтоодог байсан заалтыг хасаж, ИТХ тогтоодог” байхаар нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа төрийн өмчийн газрыг аливаа хэлбэрээр ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ямар нэгэн байдлаар төлбөр төлдөг байх, төлбөрийн бааз суурийг өргөтгөх замаар улсын төсөвт газрын төлбөрийн орлогоос орох орлогыг нэмэгдүүлэх зарчмыг баримталсан аж.

Газрын болон татварын асуудал эрхэлсэн байгууллагууд хоорондын эрх, үүргийг оновчтой болгож, газрын төлбөр, татварын мэдээллийн нэгдсэн тогтолцоог байгуулах, дундын мэдээллийн сангаар дамжуулан төрийн болон бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох, газрын төлбөр, татварыг ногдуулах, төлбөр хураах, хяналт тавих, маргааныг хянан шийдвэрлэх зэрэг асуудлуудыг нарийвчлан тодорхойлон хууль зөрчсөн этгээдэд ногдуулах хариуцлага, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан бөгөөд хууль хоорондын харилцан уялдаагүй байдлыг шийдвэрлэсэн байна.  

Хуулийн төсөл батлагдсанаар төлбөр төлөгчийн бааз суурийг өргөтгөх, төлбөр ногдуулалт, барагдуулалтыг цахим болгох, дундын мэдээллийн сангаар дамжуулан харилцан мэдээлэл солилцдог байх харилцааг зохицуулж, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, төлбөр төлөгчид хүндрэлгүй хялбар болж, цаг хэмнэх нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Мөн хуулийн төсөлд газрын төлбөр тооцох үзүүлэлт, төлбөрийн хувь, хэмжээ, газрын төлбөр ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, төвлөрүүлэх, тайлагнах,  хяналт тавих талаар тодорхой зохицуулалтуудыг тусгасан байна.

ШИНЭ МЭДЭЭ