2022.12.01

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ерөнхий прокурорын тайланг яагаад УИХ-д танилцуулахгүй байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Монгол улсын ерөнхий прокурорын ангилал, зэрэглэлийг төрийн өндөр 3 гэдэг ангилал руу буулгах саналыг зарчмын хувьд дэмжиж байна. Үүнтэй холбоотой хоёр асуулт асууя.

Нэгдүгээрт, ерөнхий прокурор дээшээ нэг шат ахихад орлогч нар яах вэ. Дагаж ахиж байгаа юу. Байрандаа үлдэх үү?

Хоёрдугаарт, Монгол улсын ерөнхий прокурор Монгол улсад үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх үйл явдал, мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн тайланг Улсын Их Хуралд жил тутам танилцуулж байх хуульчилсан үүрэгтэй. Өнгөрсөн парламентуудад жил тутам танилцуулдаг байсан. Харин энэ удаагийн Улсын Их Хуралд нэг ч удаа танилцуулсангүй. Энэ хууль нь больчихсон юм уу? Эсвэл хүн нь өөр болохоор ингээд байна уу.

Монгол Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Тодорхой гэмт хэрэг шийдэж, үнэлж дүгнэсэн асуудлаар авч хэлэлцэх гэж буй асуудал биш. Монгол улсад үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн байдал, түүний шалтгаан, нөхцөл, учирч буй хохирол, тайланг бид сонсож байж ямар гэмт хэрэг нэмэгдээд байна вэ, юу нөлөөлж байна. Гэмт хэрэг зөрчлийн бууруулах чиглэлд цаашдаа төрийн бодлого юунд анхаарах ёстой вэ гэдгийг уг тайланг сонсож байж гаргадаг.

Шинэ УИХ 2 жил хагас үйл ажиллагаа явуулж байна. Нэг ч тайлан сонссонгүй. Энэ асуудлыг ХЗДХ-ийн сайдаас асуугаад байх зүйл биш. Учир нь хууль зүйн сайд гэмт хэрэг, зөрчлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй, мөрдөн шалгаж, хяналт тавьдаггүй. Энэ чиг үүрэг Монгол улсын Ерөнхий прокурорт бий. Сүүлийн үед хулгайн асуудал их ярьж байна. Тэрбум биш их наяд болсон. Асуумаар зүйл их байх юм. Энэ тайланг хэзээ сонсох вэ? Ер нь тайлан ирүүлж байна уу. Үгүй юу. Ирүүлснийг нь эсвэл сонсохгүй байна уу? Бүр огт ирүүлэхгүй байна уу?

Түүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ