МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хэлэлцлээ
2022.12.02
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нарын санаачлан боловсруулсан Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. 

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс хуулийн төслийн зарим нэр томьёог олон улсын стандарт, бусад хуулийн зохицуулалттай нийцүүлэх, “Зохицуулах зөвлөл”-ийн нэрийг “Зохицуулах хороо” болгон өөрчилж байгаатай холбогдуулан төсөлд тусгагдаагүй орхигдсон зарим зүйл, заалтын нэр томьёог жигдэлж, өөрчлөх чиглэлээр ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй томьёоллуудыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар танилцуулгадаа дурдлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, хариулт авсны дараагаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 12 саналын томьёолол болон найруулгын саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм.

Ийнхүү Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ