2022.12.02

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Аялал жуулчлалын бүрд биш эсэргээрээ шорон болчих юм шиг хууль орж ирж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Энэ хуулийг баталвал манай улс аялал жуулчлалын бүрд болно гэж сайд маань танилцууллаа. Яг уншихад аялал жуулчлалын бүрд биш эсэргээрээ аялал жуулчлалын шорон болчих юм шиг надад эргэлзээ төрж байна.

Хуулийн төслийн 4-дүгээр зүйлд жуулчин гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч аялал жуулчлал хийж буй хүнийг хэлнэ. “4.1.3-т аялагч гэж аялалын зорилгоор аялал, жуулчлалын үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэн” гэжээ. Тэгэхээр аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагаар заавал үйлчлүүлж байж аялагч, жуулчин болно гэсэн санаа уг хуульд хатуу бичигдсэн байна. Үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлээгүй явж байгаа хүнийг юу гэж үзэх юм. Энэ хүмүүс хууль зүйн хувьд аялагч, жуулчин биш болчихоод байна.

Мөн С.Чинзориг гишүүний асуусан асуулт “Зөрчлийн хууль”-д гарч ирээд байна. Отоглох газар зөвшөөрөлгүйгээр отоглосон байвал 100 мянган төгрөгөөр торгоно. Аялал жуулчлалын байгууллагаар дамжуулж үйлчилгээ аваагүй бол 1 сая төгрөгөөр торгоно гэж зөрчлийн хуулийн чинь хариуцлага тэнд гарч ирж байгаа юм. Тэгэхээр цүнхээ бариад, үүргэвчээ үүрээд явж байгаа хүн зөрчлийн хуулиар торгуулах болчихож байгаа учраас эсэргээрээ манай улс аялал жуулчлалыг хаах гэж байна гэсэн үг.

Энэ хуульд аялал жуулчлалын байгууллагыг Тур оператор, аялалын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж 3 ангилжээ. Ингэж ангилж байгаагийн утга, агуулга эл хуулийн концевц юм байна гэж ойлгосон. Гэтэл хууль санаачлагч нь нэр томьёогоо хэр ойлгосон юм бол оо. Энэ хуулийг дагаж өргөн мэдүүлсэн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  36.3-т Тур операторт газрыг 15 жилээр олгоно гэж заасан байна. Тур операторт газар олгож яах гэж байна вэ? Энэ чинь жуулчин зуучилж байгаа компани шүү дээ. Заавал Баян-Өлгий аймагт эсвэл Буйр нуурын эрэг дээр 15 жил газар авна гэж юу гэсэн үг вэ? Тур оператор гэдгээ ойлгоогүй юм уу.

Дэлхийн нийтийн аялал жуулчлалд Тур оператор гэж байхгүй. Энэ аялал жуулчлал гар утасны нэг апплейкейшнд шилжчихсэн. Гар утсаараа тийзээ, буудлаа захиалж байна. Гэтэл заавал Тур оператор байлгаж аялал, жуулчлал хийнэ гэсэн хууль орж ирээд байна шүү дээ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ