“Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсрол ба Япон Улсын туршлага" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Монгол-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Япон Улсын Элчин сайдын яам, Боловсролын ерөнхий газар, Монгол Улсын консерватортой хамтран "Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсрол ба Япон Улсын туршлага" сэдэвт хэлэлцүүлгийг (2022.12.05) зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг үг хэлж, үйл ажиллагаанд амжилт хүслээ. Тэрбээр, “Монгол Улс, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг оюутан солилцооны жил болгон зарласан. Түүнчлэн энэ жил соёлын чиглэлээр 100 гаруй ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн үйл ажиллагаа хоёр улс хоорондын туршлага солилцох, манай улсын бага дунд сургууль болон цэцэрлэгийн хөгжмийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах шинэ харилцаа үүсгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
Энэ үеэр Япон Улсын Күнитачигийн хөгжмийн их сургуулийн профессор Цүда Масаюки, Монгол Улсын БШУЯ-ны Ерөнхий боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Б.Гантулга нар өөр өөрсдийн улсын хөгжмийн боловсрол олгох хөтөлбөр бодлого, арга зүйн талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, БШУЯ, Монгол Улсын консерваторын багш, удирдлагууд, болон их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөгжмийн багш нар оролцлоо.
Хэлэлцүүлгийн төгсгөлд зочид төлөөлөгчид Монгол Улсын консерваторын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо