МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 12 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар баталлаа
2022.12.09
Улстөр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 12 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар баталлаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.12.07/ хуралдаанаар УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард хэлэлцэх асуудлыг тогтоох тухай” 186 дугаар захирамжид заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх асуудлын цаглаварт багтаажээ.

Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй хэмээн Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталсан. Тогтоолын төсөлд тусгагдсанаар Байнгын хороо 12 дугаар сард “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, "Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцөх, Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт талаарх мэдээлэл сонсох, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын хүн амын дундах тархалт, халдварыг эрт илрүүлэх, тархалтаас сэргийлэх арга хэмжээ болон уг өвчний талаарх мэдээлэл сонсохоор төлөвлөжээ. Мөн хуралдаанаар “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцлээ

ШИНЭ МЭДЭЭ