ТБХ:Дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв
2022.12.09
Хууль, эрх зүй

ТБХ:Дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2022.12.07/ хуралдаан 11 цаг 17 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, С.Одонтуяа нар асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлаас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн төслийг 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталж, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтсон гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад хууль батлагдаад даруй 10 жил болж байна. Энэ хугацаанд олон улсын татварын харилцаанд эрс өөрчлөлт гарч, түүнтэй нийцэх татварын эрх зүйн шинэчлэл хийгдэж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 онд тус тус Улсын Их Хурлаас баталж, олон шинэ ойлголт, харилцаа бий боллоо. Эдгээр хуулиудаар зохицуулж буй харилцаануудыг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд тусгах зайлшгүй шаардлага урган гарсныг онцлов.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг зөвхөн хуулийн этгээд үзүүлэх бөгөөд татвар мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 38-н хуулийн этгээд байна. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх үүднээс Сангийн сайдын тушаалаар эрх олгосон 1500 гаруй хувь хүнд бусад улс орны жишгээр татварын мэргэшсэн зөвлөх хуулийн тодорхой нөхцөл, шаардлага хангасан бол татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээх, мөн хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг сонгох боломжтой болгож, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийг тодорхой гүйлгээний талаарх мэдээллийг Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих субъект нь Мэргэшсэн нягтлан бодогчдын институт биш тэднийг гишүүнчлэлдээ нэгтгэсэн Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг байх нь зүй ёсны шаардлага юм. Түүнчлэн энэ үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй этгээд (2018 оны судалгаагаар 700-аад хуулийн этгээд, бас хувь хүн) үзүүлж буй нь далд эдийн засгийг тэлэхэд нөлөөлөх төдийгүй, хуулийг сахин мөрдөх үйлсэд сөргөөр нөлөөлж байгааг төсөл санаачлагч танилцуулгадаа дурдсан.

Мөн тэрбээр, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн төсөл нь одоогийн мөрдөгдөж буй Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, Татварын ерөнхий хуулийн 6.1.12, 12.1.5, 12.1.10, 29.6, 41.12.1, 47.1, 75.4, 75.5, 77.7.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.14, 4.1.9 зэрэг заалтуудын хэрэгжилтийн хангах, мөн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тухайн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, мэргэшсэн үйлчилгээгээр төрийн албаны үйлчилгээг хөнгөвчлөхөд чиглэнэ гэж байлаа.

Хуулийн төсөл нь улсын төсөвт ямар нэгэн зардал нэмэгдүүлэх нөлөө үзүүлэхгүй бөгөөд шинээр төрийн байгууллага байгуулах, эсхүл төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх шаардлага үүсэхгүй гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлоод татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний зөвшөөрлийг хуулийн этгээдэд болон хувь хүнд олгосон тохиолдолд татварын суурь өргөжиж, төсвийн орлого нэмэгдэж, татвар төлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдана гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Баделхан, С.Ганбаатар, Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд туссан иргэдэд чиглэсэн ач холбогдолтой зохицуулалтыг илүүтэй лавлаж байлаа.

Төсөл санаачлагч Д.Цогтбаатар гишүүн хариултдаа, Өнөөдрийн байдлаар татварын мэргэшсэн зөвлөгөөг хувь хүн үзүүлж болдоггүй. Уг үйлчилгээг томоохон аж ахуйн нэгжид нийслэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд үзүүлдгийг тодотгов. Хөдөө, орон нутагт томоохон компаниудад татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх аж ахуйн нэгжүүд байхгүй тул үйлчилгээ нь хүрэхгүй байна. Хүмүүс өдөр бүр татварын хариуцлага хүлээх эрсдэлтэй нөхцөл байдалд байдаг. Иймд хуулийн төслийн хүрээнд хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг олгох заалтыг нэмж тусгаснаар орон нутагт энэ үйлчилгээг хүргэж байгааг онцолсон.

Ингээд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ.

Төрийн аудитын байгууллагын 2023 онд гүйцэтгэх сэдвийг батлав

Үргэлжлүүлэн “Төрийн аудитын байгууллагын 2023 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, төрийн аудитын байгууллагын Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд болон бодлогоор гүйцэтгэх 23 аудитын сэдвийн төлөвлөлтийн өмнөх үеийн судалгаа, эрсдэлийн үнэлгээ, санхүү, хүний нөөцийн тооцооллыг судалж бэлтгэсэн бөгөөд үүний 14 сэдэв хуульд заасны дагуу хийх, 9 сэдэв бодлогоор гүйцэтгэх аудитын сэдэв байгааг тодотгоод өмнөх оноос гүйцэтгэж буй “Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө, оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, үр нөлөө” сэдэвт аудитыг он дамжин хэрэгжүүлэх саналыг хүргүүллээ гэв.

Төрийн аудитын байгууллагаас Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглаварт хугацаа буюу 2022 оны 1 дүгээр сарын 25-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон улс, орон нутгийн төсөвт байгууллага, сан, төсөл хөтөлбөр, Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлнэ. Мөн Газрын тосны тухай хуулийн хүрээнд газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн өртөг нөхсөн, нөхөх зардлын баталгаажуулах аудитыг гүйцэтгэхээс гадна Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд “Улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүн” зэрэг сэдвээр улс, орон нутгийн түвшинд аудитыг нэгдсэн удирдамжаар, Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт”, “Улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан төсөл арга хэмжээний төсөвт өртгийн нэмэгдэл зардалд дүгнэлт гаргах” зэрэг аудитыг гүйцэтгэхээр боловсруулсан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцлов.

Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд санхүү, хугацаа болон хүний нөөцийг тооцож, иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар урьдчилсан судалгаа хийж, бодлогоор гүйцэтгэх аудитын сэдвийг тодорхойллоо. Түүнчлэн, Төсвийн Байнгын хорооны тогтоолоор батлагдсан "“Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 2018-2021 оны үйл ажиллагаа болон Тавантолгойн орд ашиглалтад төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргийн биелэлт”, “Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитын хугацааг 2023 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр байгааг анхааралдаа авч, аудитын хугацааг сунгах саналыг хүргүүлж байгаагаа танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа уул уурхайн салбарын төсвийн орлогын бүрдэл, үр дүн болон татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй холбоотойгоор татварын бааз суурь нэмэгдсэн эсэх, хуулийн хэрэгжилтийн үр дүнд аудит хийх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр зээл тусламжийн хэрэгжилтийн үр дүн, сайн үр дүнг үндэсний хэмжээнд нутагшуулах талаар аудит хийх зэрэг сэдвүүдийг төсөлд нэмэх саналуудыг гаргаж байлаа.

Тогтоолын төсөлд гишүүдээс гаргасан саналуудыг нэмж тусган “Төрийн аудитын байгууллагын 2023 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжив.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэх гэж, мөн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 61.1-ийн “баталгаа, батлан даалт гаргана” гэснийг “баталгаа, батлан даалт гаргаж болно” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов

ШИНЭ МЭДЭЭ