МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

​Х.Ганхуяг: Нүүрсний хулгайн хэрэгт
2022.12.09
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

​Х.Ганхуяг: Нүүрсний хулгайн хэрэгт 'Хөндлөнгийн хараат бус аудит' оруулах ёстой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сүүлийн үед үүсээд байгаа нүүрсний хулгайн асуудалтай холбоотой гишүүд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” компанид “Хөндлөнгийн хараат бус аудит оруулах ёстойг онцоллоо.

Тэрээр “Бид сүүлийн хоёр жил дан хулгай ярьсаар байгаад таарч байна. Одоо яригдаж байгаа дүн Монголын эдийн засгийг сөхрүүлэх хэмжээний тоонууд яригдаж байгаа. Нэгэнт түр хороо байгуулаад ажиллаад явж байгаа энэ үед хамрах хүрээг нь тэлэх ёстой. Яагаад гэвэл экспортоор гарч байгаа тоо хэмжээнээс гадна, үнийн зөрүүний асуудал байгаа. Манайхаас хэдэн доллароор экспортлогдож байгаа, тэндээ хэдээр импортлогдсон, компаниас хэдээр гарсан гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нүүрсний хулгайг ярихдаа тухайн компанийн хийсэн гэрээ худалдан авалтыг нягталж үзэх ёстой.

Миний авсан мэдээллээр хуучин ардчилсан намын дарга байсан Зандаахүүгийн Энхболд тэнд бараг 10-аад жил хөрс хуулалт хийсэн. Жилийн гэрээ нь 1,5-2 их наяд төгрөгийн ажил хийдэг байсан гэсэн ойлголттой байгаа. Тэрийг нягталж үзэх ёстой. Гуравт нууцад хамруулсан гэрээнүүдээ яаралтай ил болгож нээлттэй мэдээлэл өгмөөр байна. Ер нь төмөр зам бариулахгүй байсан нарийн өргөн цариг гээд олон маргааны зангилаа энэ дээр гарлаа. Энэ хулгайн асуудал бол төмөр зам бариулаагүйгээс үүдэлтэй.

Жагсаалд оролцож байгаа залуусыг харахаар нэг том эмзэглэмээр зүйл байна. Үндсэндээ Монгол залуусын мөрөөдөл гэж байхгүй болон устаж байна. Бизнес хийх ямар ч боломж байхгүй. Нэг бол төрд орж ажиллах ёстой болдог. Төрд орохоор баахан хулгай, дээрэм. Хэн яг үлгэр жишээ хүн юм гэдэг нь ойлгомжгүй, юу хийх нь ойлгомжгүй болсон. Сүүлдээ хулгай хийсэн хүмүүсээ зарлаж чаддаггүй. Ийм л нөхцөл байдалд ороод байна.

Х.Нямбаатар сайдын мэдэгдэлд бол нэг ээлжийн хил гааль, дээрээсээ доошоо бүх шатанд мафийн сүлжээнд орсон байна. Нэгэнт түр хороо байгуулан ажиллаж байгаа юм чинь хамрах хүрээг нь тэлж байгаад нухацтай үзмээр байна. Ганцхан хил гаалиар гарч байгаа тоо хэмжээг харах бол том мөсөн уулын оргилыг харахтай л ижил.

Нүүрсний үнэтэй холбоотой худалдан авалтын гэрээг БНХАУ-ын талаас яаралтай мэдээллийг нь авах хэрэгтэй. Ингэхдээ Хятадад байгуулсан компани, оффшор болон харилцах данс, бартертай холбоотой асуудлыг шалгах ёстой.

Мөн дуудлага худалдаатай холбоотой асуудал яригдсан. Энэ мэдээллийг илүү лавшруулан нягтлах нь зүйтэй. Ямар хэмжээтэй нүүрс, үнийн дүн зохиомол дуудлага худалдаагаар явагдсан гэдгийг нь харах хэрэгтэй юм.

Хамгийн гол асуудал нь энэ Эрдэнэс тавантолгой компани дээр “Хараат бус аудит”-ын байгууллагыг оруулах ёстой. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн аудитын материалтай танилцаад цаашид хараат бус аудитын байгууллага оруулах шаардлагатай.  Одоо байгаа асуудалд төрийн аудит угаасаа холбогдсон байгаа. Төрийн аудитад итгэж болох үгүйг хэлж мэдэхгүй байна. Тиймээс олон улсын томоохон дөрвөн аудитаас аль нэгийг нь оруулж ирэх шаардлагатай гэж харж байгаа.

Төсвийн ажлын хэсэг дээр зөвхөн 2023 онд 4,5 их наяд төгрөгийн 12 төсөл танилцуулагдсан. Энд дан хөрөнгө оруулалтын төслийг ярьж байгаа. Үүн дотор дөрвөн гэрээг нууцад хамруулаад шууд гэрээ байгуулсан. Би бол энэ асуудал дээр “офтек” гэрээнээс гадна нууцад хамрагдсан хөрөнгө оруулалтын шинж чанартай бүх гэрээг ил гаргаж үзэх хэрэгтэй. Мөн хувийн хэвшилтэй холбоотой асуудал ярьж байгаа дээр би эсрэг байр суурьтай байна. Хувийн хэвшил нүүрс хулгайлсан гэдэг нь хулгай биш.

Энэ бол татварын асуудал. Татварын байгууллагаар шалгуулах хэргийг төрийн нүүрсний хулгайтай хольж хутгаж болохгүй. Зарим гишүүд маш хариуцлагагүй мэдэгдэл хийж байна. Ингэж байгаад дараа нь хувийн хэвшлээ балбаад дуусдаг шүү. Хувийн хэвшлийг татвараар нь шалгуулаад хэрэв нуун дарагдуулсан байвал татварын акт тавиад явах хэрэгтэй. Одоо бид зөвхөн нүүрсний хулгай гэдэг зүйлээ л ярих ёстой.

Үүнийг хооронд нь хольж хутгах хэрэггүй. Төлбөртэй холбоотой асуудал бол дандаа ул мөртэй байдаг. Тиймээс нэн тэргүүнд БНХАУ-ын элчин сайдын яаманд хүсэлт гаргаад мэдээллийг нь авч үзэх хэрэгтэй. Өдөрт гарч байгаа нүүрс, худалдан борлуулсан гэрээ, төлбөр гурвыг харьцуулаад үзэхэд л бүх зүйл гараад ирнэ” гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ