МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төрийн болон орон нутгийн өмчийн асуудлаарх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв
2022.12.14
Уул уурхай, Ашигт малтмал

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төрийн болон орон нутгийн өмчийн асуудлаарх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн /2022.12.13/ хуралдаанаараа долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хэлэлцэх асуудлуудыг танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2009 онд батлагдсан Төмөр замын талаар төрөөс баримтах бодлогын дагуу уул уурхайн ордоос хилийн боомт хүртэлх төмөр замыг ОХУ руу гарах бол өргөн, БНХАУ руу гарах бол нарийн царигтайгаар тавих тухай тогтоолын төслийг ойрын үе хэлэлцүүлж өгөхийг хүслээ.

Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг түүний хүсэлтийг Улсын Их Хурлын даргын зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэж мэдэгдэв. Мөн төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэхийн өмнө Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг томилох тухай санал хураалт явуулж, гишүүдийн 54.5 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын таванд өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан тул шууд асуулт, хариултанд оров. Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил харилцаа, холбооны сайд Н.Учралд мэдээллийн технологийн салбарын компаниудаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, таваарын биржийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох талаар тодорхой саналууд ирж байгаа ажээ. Үүгээр зогсохгүй өнгөрсөн хугацаанд төрөөс хамааралгүйгээр өөрсдөө бирж байгуулан ажиллуулж байсан сайн туршлагууд ч мэдээллийн технологийн салбарынханд байгаа аж.

Иймд тэрбээр уур уурхайн биржийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийнхэн, тэр дундаа мэдээллийн технологийн салбарын төлөөллийг хэрхэн оролцуулах талаар тодруулж асуухдаа хуулийн төсөл болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн олборлосон нүүрсийг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-аар дамжуулан борлуулах түр журмын зохицуулалтыг хамтатган асуусан юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар маргаашийн /2022.12.14/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх түр журмын талаар тайлбар хэлж, Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдах хүртэл цаг алдахгүйн үүднээс төрийн өмчийн компаниудын олборлож буй нүүрсийг биржээр арилжаалж байхаар түр журам баталж байгааг танилцуулав.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл анх 2014 онд боловсрогдож байхад 100 хувь төрийн өмчийн компани байхаар тусгагдсан байна. Харин одоогийн төсөлд төрийн өмчийн оролцоотой байхаар орж буй тул хувийн хэвшил, иргэд олон нийт хувьцаа эзэмших хэлбэрээр биржийн үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих, хамтран ажиллах боломж нээлттэй хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал дурдлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр энэхүү төрийн өмчийн оролцоотой байх тухай заалтыг тодруулж, “төрийн өмчийн оролцоо 66 хувиас доошгүй байна” гэсэн нэмэлт оруулахаар санал гаргасан боловч Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Иймд тэрбээр энэ асуудлаар цөөнх болж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр болов.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр биржийн арилжааны шимтгэлийн хувь хэмжээ, бүртгэлийн хураамжийн талаар асууж хариулт авлаа. Хуулийн төсөлд арилжааны шимтгэлийн хэмжээг шинжилгээний лаборатори, тээвэр зуучийн байгууллага зэрэг зах зээлд оролцогчдын саналыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо тогтоохоор тусгасан бол, харин түр журамд 0.1 хувь байхаар заасныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар танилцуулав. 2021 онд бирж байгуулах талаар “Эрдэнэс Монгол” компани тооцоолол хийхдээ арилжааны шимтгэлийг 0.05 хувиар авахад татварын дараах цэвэр ашиг 14,7 тэрбум төгрөг байх тооцоо гарч байжээ.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн арилжааны хүчин чадал, хүний нөөцийн боломж болон бусад хүчин зүйлсийг тодруулж, уул уурхайн бүтээгдэхүүний буюу таваарын биржийг өөрийн бүтцээр ажиллуулаад явах боломжтой эсэх, мөн олон улсын томоохон трэйдерүүдийг арилжаанд оролцуулах зохицуулалт хуулийн төсөлд орсон эсэхийг асууж хариулт авав. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, одоогоор зөвхөн дотоодын оролцогчид бүрий Монголын хөрөнгийн бирж ТӨХК худалдан авагчдын ихэнх нь гадаадынх байж таарах экспортын арилжааг ирэх оны эхнээс шууд хийгээд, тээвэрлэлт, хүргэлтийн логистикийг зохицуулаад явах боломжтой эсэхийг тодрууллаа.

Тэрбээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тодорхой хувийг иргэд, хувийн хэвшлийнхэн, тэр бүү хэл Лондоны металын бирж хувьцаагаар эзэмшдэг, тэгээд арилжаа болгоноос ашиг хүртдэг байх боломжтой байх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс тэрбээр төрийн өмчийн оролцоог тодорхой дүнгээр, тухайлбал Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын гаргасан 66 хувиар тогтоох саналын эсэргүүцэж өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Ажлын хэсгийн 30 гаруй, мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Энхбаяр нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат Эрдэнэ уншиж танилцуулахаар болов.

Дараа нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэн дэмжлээ. Тогтоолын төсөлд, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд Монгол Улсын Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК болон хүсэлт гаргасан бусад уул уурхайн компаниудын экспортод гаргах нүүрсийг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн цахим системээр дамжуулан арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх, экспортод гаргах нүүрсний нээлттэй, цахим арилжаатай холбогдох харилцааг зохицуулсан журмыг баталж мөрдүүлэх, биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг баталж, шаардлагатай дэд бүтэц, итгэмжлэгдсэн лаборатори, агуулах, терминал, тээвэр логистикийн төвийг бий болгохыг Монгол Улсын Засгийн газарт, экспортод гаргах нүүрсний нээлттэй, цахим арилжаанд хяналт тавихтай холбогдох журмыг баталж хэрэгжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгахаар тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах” болон “Ухаалаг засаг-2” төслүүдийн зээлийн хэлэлцээрүүдийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Эхний төслийн судалгааг Зам, тээврийн хөгжлийн яам, Дэлхийн банк хамтран 2020 оноос хийсэн бөгөөд төслөөр улсын чанартай 311 километр авто замд их болон ээлжит засвар хийж, 51 километр авто замыг шинээр барих, баруун аймгууд руу явах явах авто сүлжээний гол зангилаа болсон Өвөрхангай аймагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн тээвэр логистикийн жишиг төв байгуулах, дэвшилтэт технологид суурилсан үндэсний логистикийн платформ хөгжүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Төслийн зээлийн нийт санхүүжилт 132 сая ам.доллар байх ба үүний 100 сая ам.долларыг Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох хөнгөлөлттэй зээл, Олон улсын хөгжлийн Ассоциациас олгох 7.3 сая зээлжих тусгай эрх бүхий нэн хөнгөлөлттэй зээлээс бүрдэж буй юм. Зээлийн жилийн баталгаат овернайт хүүгийн түвшин /SOFR/ дээр 1.3 хувийн нэмэгдэл бүхий хувьсах хүүтэй, 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй ажээ.

Харин “Ухаалаг засаг-2” төслийн 29.5 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэх хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт нь жилийн тогтмол 2.0 хувийн хүүтэй, эхний таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй юм.

Төслөөр цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн технологийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, хэрэглээг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах, дижитал эдийн засгийн өсөлтийг дэмжих шийдлүүдийг хэрэгжүүлнэ. Энэ төслийн эхний үе шат болох “Ухаалаг засаг-1” төслөөр Төрийн үйлчилгээний нэгдсэн системд төрийн 68 байгууллагын 789 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,284 үйлчилгээг оруулж, газрын харилцааны ухаалаг системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэнд үйлчилгээ үзүүлсний дээр улсын бүртгэлийн байгууллагаас 357,705 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээ олгожээ.

Зээлийн хэлэлцээрүүдийг зөвшилцөхийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд олонхын саналаар дэмжиж, санал дүгнэлтийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь 1996 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг дагаж, өмчийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд томоохон өөрчлөлтүүд гарсныг онцлон, өнөөдрийн хүртэлх хугацаанд тус хуульд нийт 33 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хуулийн зохицуулалтын нэгдмэл цогц байдлыг алдагдуулахад хүргэснийг дурдав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, төрийн болон орон нутгийн өмчийн ангиллыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж, төрийн нийтийн, тусгайлсан өмч, мөн орон нутгийн өмч гэсэн ангиллаар ялган тодорхойлсон байна. Мөн өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрхийн хэмжээг шинэчлэн тодорхойлж, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, харилцан уялдааг хангахад анхаарсан байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг хөрөнгийн эрхийн нийтлэг ба онцлог байдлаар нь шинээр ангилж, төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодруулан, өмчийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах төрийн хяналтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн өмчийн хяналт, шалгалт, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх хяналтын журмыг нарийвчлан тодорхойлж, төрийн болон орон нутгийн өмч, түүний хөдөлгөөн, тооллого, тайлан болон хяналт шалгалттай холбоотой мэдээллийг төвлөрүүлсэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ажиллахаар хуулийн төсөлд тусгасан байна.

30 шахам жилийн дараа энэ хууль шинэчлэгдэхээр болж байгаад талархаж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр илэрхийлээд, одоо мөрдөгдөж байгаа хуулийг анх баталж байх 1996 онд манай улсад бүх өмч төрийн, социалист өмч хэвээр шахам байсан, энэ бүхнийг үтэр түргэн хувьчлах ёстой гэсэн хандлага давамгайлсан үе байлаа. Тэгэхээр 27 жил мөрдөгдсөн энэ хууль үндсэндээ хувьчлалтай холбоотой хууль юм. Түүнээс бус өмчийг хэрхэн удирдах, хяналт нь ямар байх, хариуцлагыг хэн хүлээх, шийдвэрүүдийг хэн гаргах гэх мэт зохицуулалт огт тусаагүй гэж болно. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өнөөдөр Улсын Их Хуралд орж ирж буй нь түүхэн үйл явдал хэмээн байр сууриа илэрхийлэв.


Байнгын хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлээд Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагч гишүүн Д.Цогтбаатар илтгэлдээ, Монгол Улс Үндсэн хуульдаа “...дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж заасан боловч бодит байдал дээр төрийн өмч зонхилсон эдийн засагтай болсныг тоо баримт дурдан танилцуулаад, төрийн өмчийг дагасан хариуцлагагүй байдал, ашиг сонирхлын зөрчил, авилга, хээл хахууль, хууль бус хулгай луйвар газар авсныг ойрын өдрүүдэд өрнөж буй үйл явдлууд нотлон харуулж байна гэлээ.

Тогтоолын төсөлд, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд шинээр байгуулахыг түр хориглох, одоо үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчит этгээдийн санхүү, нягтлан бодох аа хяналтыг сайжруулах, боломжит хэсгийнх нь хувьцааны багцыг хэсэгчлэн болон бүхэлд нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжиж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлуудыг тусгажээ.

Мөн гадаадад хувьцаа нь арилжаалагдаж буй Монголд бүртгэлтэй компаниудын хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах хуулийн хэрэгжилтийг гүйцэд хангаж ажиллах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг цомхотгон цөөлөх, хувийн хэвшлийн зонхилох байр суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга судалгаа, бодлого боловсруулж ажиллах, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар заасан байна.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ингээд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуралдааны төгсгөлд Монголбанкны 2021 оны жилийн тайланг хэлэлцэж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх танилцуулгыг сонслоо.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулгадаа, цар тахал, түүнээс үүдэлтэй эдийн засгийн болон нийтийн эрүүл мэндийн хямрал, геополитикийн нөхцөл байдлаас үүссэн дэлхийн эдийн засгийн сөрөг шокуудын ужгиран-хосолсон хүндрэл төлбөрийн тэнцлийн, орлогын, зээлийн сувгуудаар дамжин манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн нь одоо ч арилаагүй байгааг онцлоод, 2021 онд худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах салбарууд хамгийн ихээр хумигдаж, хөдөлмөрийн зах зээлд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, өрхийн санхүүд дарамт үүсгэж, бодит цалин эрчимтэй буурсныг дурдлаа.

Ийм нөхцөл байдалтай уялдуулан тус банк санхүүгийн зах зээлийн болон макро тогтвортой байдлыг дэмжсэн бодлогын цогц арга хэмжээг авсан байна. Тухайлбал, зээлдэгчдэд үүсч буй дарамтыг бууруулах зорилгоор ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зориулалтаар иргэнд олгосон зээлийн ангилал бууруулах хугацааг уртасгах, бүх төрлийн зээлд бүтцийн өөрчлөлт хийхэд хязгаарлалтгүй болгох, эргэн төлөлтийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг сунгах боломжийг олгох, ипотекийн зээлийн хүү болон үндсэн төлбөрийг цар тахлын үед хойшлуулах зэрэг арга хэмжээ авчээ. Эдгээр арга хэмжээ орлого нь тасалдсан өрхүүд, бизнес эрхлэгчдийн зээлийн дарамтыг хөнгөлж, чанаргүй зээлдэгч болохоос бүрэн хамгаалж чадсан байна. Ингэж зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй бол банкны системийн чанаргүй зээл 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, улмаар чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 16.1 хувьд хүрэх байсан гэж танилцуулгад дурджээ.

Түүнчлэн Монголбанк бодлогын хүүг тогтвортой байлгаж, төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулж, 2021 оны турш хэвээр хадгалсан байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлж, санхүүжилтийн хэмжээг тогтоосноор зээлийн хүүг бууруулан, банкны зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлэх байдлаар зээлийн тасалдлыг арилгаж, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлсэн байна. Энэ нь эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг дэмжиж, 2020 оны эхэнд 16.9 хувьтай байсан зээлийн дундаж хүүг 2021 оны төгсгөлд 14.3 хувьд хүрч буурахад нөлөөлжээ.

Ингээд эдийн засгийн сэргэлтийн шинж тэмдэг илэрсэн тул мөнгө, зээлийн бодлого, санхүүгийн зохицуулалтын тохиргоог 2021 оны дөрөвдүгээр улирлаас эхлүүлэн, ажлын байрыг дэмжих зээл олголтыг сааруулах, банкны салбарын хөнгөлөлтийн зохицуулалтыг хэвийн горимд шилжүүлсэн байна. Харамсалтай нь 2022 оны эхнээс олон улсын хурцадмал байдал, БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлоготой холбоотойгоор манай улсын экспортын орлого тасалдаж, нефтийн үнэ огцом өсөх, барааны нийлүүлэлт тасалдах, тээврийн зардал өсч, хугацаа удаашрах зэрэг сөрөг нөлөөлөл гарч эхэлсэн байна.

Энэ бүхэн инфляц болон валютын ханшийн огцом савалгааг үүсгэсэн тул Монголбанк мөнгөний бодлого болон санхүүгийн зохицуулалтын төлөвийг огцом чангаруулж, бодлогын хүүг 6.0 нэгж хувиар нэмэгдүүлэн 12 хувь болгож, зээлийн нийлүүлэлтийг тодорхой түвшинд багасгажээ. Түүнчлэн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2.0 нэгж хувиар өсгөх, репо санхүүжилтыг хязгаарлах, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-д Монголбанкнаас олгож буй санхүүжилтыг бууруулах зэрэг арга хэмжээг авчээ. 2022 онд шатахууны нийлүүлэлт, хангамжийг тогтвортой байлгах, валютын нөөцийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний ач холбогдолтой байсан тул энэ салбаруудад анхаарч ажилласан хэмээн Монголбанкны ерөнхийлөгч танилцуулгадаа онцолсон юм.

Хэдийгээр эдийн засгийн тодорхой бус байдал өндөр байгаа боловч банкны систем 2022 оны эхний 10 сарын байдлаар нийт 25.9 их наяд төгрөгийн зээл олгож, 23.4 их наядын зээлийг эргүүлэн төлүүлсэн байна. Ингэснээр банкны салбарын зээлийн үлдэгдэл эхний 10 сард 2.5 их наяд төгрөгөөр өсчээ. 2023 онд Монгол Улс 1.3 тэрбум ам.долларын төлбөр төлөх бөгөөд энэ нь томоохон ачаалал үүсгэж болзошгүй байна.

Монголбанкны тайлан, танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар инфляцийн түвшин 13.8 байгаа тохиолдолд 12 хувьд хүргэсэн бодлогын хүүг цаашид нэмэхгүй байхыг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд мөнгөний бодлогын зорилтууддаа хүрэх, банкны реформыг үр дүнтэй үргэлжлүүлэх, өнөөгийн хүндрэлтэй нөхцөлийг даван туулах хамгийн сайн хувилбарыг сонгож хэрэгжүүлэх, ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт буцааж өгөхийг санал болгов. Мөн Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нөхцөл байдлыг сайжруулах нөөц төлөвлөгөөтэй байх, төсвийн бодлоготой мөнгөний бодлогыг уялдуулах, төгрөгийн ханш, худалдан авах чадварыг хамгаалж, инфляцийн түвшнийг нэмэгдүүлэхгүй байхад Засгийн газартай хамтран ажиллах шаардлагатайг санууллаа

ШИНЭ МЭДЭЭ