Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2022.12.19
Хууль, эрх зүй

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.12.16) хуралдаан 17 цаг 51 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлгийн 22.1.3-т заасан улс төрд нөлөө бүхий этгээдэд ял оногдуулахдаа хялбаршуулсан журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх журам үйлчлэхгүй хэмээн өөрчлөлт орж байгааг дурдсан. Ийм учраас хууль хоорондын хийдэл, зөрчил гаргахгүй үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10.2 дахь хэсэгт мөн хялбаршуулсан журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх журам үйлчлэхгүй байхаар өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргав.

Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эцсийн хэлэлцүүлгийг нь ийнхүү явуулж, өнөөдөр Улсын Их Хурлаар эцэслэн батлах энэхүү Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталж байгаа нь Монголын парламент, Монгол Улсын Засгийн газрын авлигатай тэмцэж буй хүсэл эрмэлзлийн илэрхийлэл гэдгийг тэмдэглэж хэлмээр байна” хэмээсэн.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах дэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлээр зохицуулагддаг. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 90.9 хувь нь зарчмын зөрүүтэй дээрх саналын томьёоллыг дэмжсэн юм. Ийнхүү Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо

ШИНЭ МЭДЭЭ