“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2022.12.20) хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулав. Монгол Улсын Үндсэн хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу ард иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөж, гарц, шийдэл олох шаардлагын хүрээнд уг тогтоолын төслийг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга танилцуулгын эхэнд дурдлаа. Тэрбээр нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөх санал асуулгыг “Зөвлөлдөж шийдье” сэдвээр зохион байгуулахаар уг төсөлд тусгасан гэв.
Мөн зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт, Зөвлөлдөх зөвлөл байгуулах, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, ажлын төлөвлөгөө батлах, зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус үүрэг болгохоор тусгасныг танилцуулсан юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Н.Энхболд, Ш.Раднаасэд нар асуулт асууж, найруулгын шинжтэй асуудлаар санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үг хэлэв.
Тэрбээр “Ард олон, залуусын жагсаал цуглаан бол өнгөрсөн 30 жилийн алдаа оноо, тогтолцооны гажуудал, ажилгүйдэл, ядуурал, нийгэмд шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх, авлига, хээл хахуулийн илрэл, шалтаг, шалтгаан болсон тэр нүүрсний хулгайтай тэмцэх хэлбэрээр илэрч, энэ бодит шаардлагуудыг тавьж, өвлийн ид хүйтэн -30 хэмд олон хоног эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэ нийгмийн бухимдлын учир шалтгааныг хамтдаа тодорхойлж, нийгэм эдийн засгийн, улс төрийн тулгамдсан асуудлыг бүгдээрээ шүүн хэлэлцэж, гарц шийдэл олох зорилгоор Зөвлөлдөх санал асуулгыг явуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Нийгмийн зөвшилцлөөр үндэсний хэмжээнд асуудлаа хэлэлцэн, шийдэл гаргах хэрэгтэй байна. Өнөөдөр төрд итгэх ард түмний итгэл үндсэндээ байхгүй болсон. Дэг ёс, шударга журам алдагдаж байна, төрийн албаны боловсон хүчний чадамж дутагдаж байна гэж ярьж байна. Төрийн нэр хүнд ч унаж байна.
Иймд зөвлөлдөх санал асуулгыг явуулж, 300 гаруй мянган малчдынхаа, хүн амын 50 хувь болсон эмэгтэйчүүдийнхээ, залуучуудынхаа төлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, статистикийн судалгааны түүврийн аргаар сонгон оролцуулж явуулах юм. Ард түмний төлөөллийг ингэж сонгож, төрийн эрх үйл хэрэгт оролцох, санал бодлоо илэрхийлэх боломж олгох нь маш чухал. Олон нийтэд мэдлэг мэдээллийг нэг талыг барьсан байдлаар бус, тэгш зарчмаар хүртээж, эрдэмтэн мэргэдийн оролцоог ханган, тэдний үг, байр суурийг сонсож, тулгамдсан асуудал, бэрхшээлийг даван туулах гарц шийдлээ олох нь ихээхэн ач холбогдолтой, чухал арга хэмжээ болно.
Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгын хүрээнд нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулганыг Үндсэн хуулийн өмнө, 2023 оны нэгдүгээр сарын 11-нд явуулахаар төлөвлөж байна. Үүгээр иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаач нар, жагсаал өрнүүлж буй залуучуудынхаа дуу хоолойг сонсон, Засгийн газрынхаа үйл ажиллагаа, хэтийн төлөвлөгөөг сонсож, гарц шийдлээ хэлэлцэнэ. Мөн эрдэм шинжилгээний бага хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэй, тооцоо судалгаатайгаар авч үзнэ.
Ингэж нийт ард иргэдийнхээ оролцоотойгоор өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дүгнэж, тогтолцооныхоо гажуудлыг засаж шинэчлэх, дорвитой өөрчлөлтийг хийх шаардлагтай болоод байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитой хэрэгжихгүй байна. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихгүй байна. Баялгийн шударга хуваарилалт нь байхгүй болохоор ард иргэд бухимдаж байна.
Зөвлөлдөх санал асуулгыг зөвлөлдөх зөвлөл зохион байгуулдаг. Зөвлөлдөх зөвлөл бол хараат бус, бие даасан, нийгэмд нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөлтэй байх ёстой. Иймд Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшүүлэх ажлыг долоон хоногийн хугацаанд зарлан явуулж, шуурхай бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.
Ингээд “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.Тогтоолын төсөлд, Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар, Төрийн ордны “Их Монгол” танхимд 2023 оны 02 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулахаар тусгасан байна. Мөн Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 23-наас 30-ны өдөр хүртэл хэмээн товлож, Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: “Гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулахыг Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академид даалгахаар заасан байна. Түүнчлэн, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулга уулзалт”-ыг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгахаар тогтоолын төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, С.Ганбаатар, Т.Доржханд, Ж.Мөнхбат, С.Одонтуяа, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Н.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ нар ажиллахаар тогтлоо