2022.12.22
Улстөр
Иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөх санал асуулгыг “Зөвлөлдөж шийдье”
УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөх санал асуулгыг “Зөвлөлдөж шийдье” сэдвээр зохион байгуулахаар уг төсөлд тусгасан.
Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгын хүрээнд нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулганыг Үндсэн хуулийн өмнө, 2023 оны нэгдүгээр сарын 11-нд явуулахаар төлөвлөж байна. Үүгээр иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаач нар, жагсаал өрнүүлж буй залуучуудынхаа дуу хоолойг сонсон, Засгийн газрынхаа үйл ажиллагаа, хэтийн төлөвлөгөөг сонсож, гарц шийдлээ хэлэлцэнэ. Мөн эрдэм шинжилгээний бага хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэй, тооцоо судалгаатайгаар авч үзнэ.Ингэж нийт ард иргэдийнхээ оролцоотойгоор өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо дүгнэж, тогтолцооныхоо гажуудлыг засаж шинэчлэх, дорвитой өөрчлөлтийг хийх шаардлагтай болоод байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бодитой хэрэгжихгүй байна. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихгүй байна. Баялгийн шударга хуваарилалт нь байхгүй болохоор ард иргэд бухимдаж байна.
Зөвлөлдөх санал асуулгыг зөвлөлдөх зөвлөл зохион байгуулдаг. Зөвлөлдөх зөвлөл бол хараат бус, бие даасан, нийгэмд нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөлтэй байх ёстой. Иймд Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшүүлэх ажлыг долоон хоногийн хугацаанд зарлан явуулж, шуурхай бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.