МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Зам тавьсан туршлагагүй "Бодь" компанид давуу эрх олгоод их хэмжээний мөнгөн дүнтэй бартерын гэрээ байгуулсан байна лээ
2022.12.23
Улстөр

Х.Ганхуяг: Зам тавьсан туршлагагүй "Бодь" компанид давуу эрх олгоод их хэмжээний мөнгөн дүнтэй бартерын гэрээ байгуулсан байна лээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр /2022.12.21/ зохион байгууллаа.

Уг сонсголоор өнгөрсөн хугацаанд гарсан нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудыг тойрч ярилцан нээлттэй мэдээлэл солилцсоноос гадна 17 хоногийн турш Сүхбаатарын талбайд жагссан иргэдийн үгийг сонссон юм.

Жагсагчдын хувьд нүүрсний хулгайчдын нэрсийг зарлан хариуцлага тооцох, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж албан тушаалтнуудад чангаруулсан ял оноодог болгох зэрэг хэд, хэдэн шаардлагыг тавьсан. Энэ дагуу Засгийн газраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, АТГ-аас нэр бүхий 17 хүний нэрийг зарласан. 

Мөн оффтейк гэрээг ил болгон, 9000 тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийг тодорхой болгож эздийг холбогдуулан шалгаж буй. Уг ажил үргэлжлэх бөгөөд холбогдох хүмүүст хариуцлагыг хүлээлгэхээ мэдэгдээд байгаа юм. Цаашлаад нүүрсний хулгайг уг үндсээр нь таслан зогсоохын тулд биржээр нүүрс зардаг болох зохион байгуулалтыг хийж байгаа юм. 

Тэгвэл уг асуудлуудаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа. Тэрбээр ил болсон оффтейк гэрээг уншиж танилцсанаа дуулгаад цаашид ямар арга хэмжээ авах ёстой, хэн хариуцлага хүлээх ёстой, хаана ямар алдаа байгаа талаар нээлттэй ярилцсан юм. 
"БОДЬ" ГРУППТЭЙ ХИЙСЭН ГЭРЭЭ НЬ ОФФТЕЙК БИШ БАРТЕРЫН ГЭРЭЭ БАЙСАН 

-Нээлттэй сонсголд үг хэлэх гишүүдийн дунд таны нэр байсан. Гэвч оролцогчид эсэргүүцсэний улмаас УИХ-ын гишүүд үг хэлэх боломжгүй болж байх шиг байна. Хэрвээ төлөвлөсөн ёсоор оролцсон бол та ямар мэдээлэл өгөх байсан бэ? 

-Ер нь бол асууя гэж бодож байсан юм. Мэдээллийг сонсон асуулт асууж, хариулт авах нь чухал шүү дээ. Юунаас яаж хулгайлсныг иргэд мэдэхийг хүсч байна шүү дээ. Эзэн холбогдогч нь хэн юм. Тиймээс холбогдох хүмүүсээс асууж, хариултаар нь иргэдэд мэдээлэл өгье гэж бодсон юм.

-Юунаас яаж хулгайлсныг тодорхой болгохыг хүссэн гэж та сая хэллээ. Ер нь нээлттэй мэдээллүүдэд үндэслээд үзэхэд танд ямар таамаг төрсөн бэ. Тухайлбал, олон нийтэд ил болгосон оффейк гэрээг уншаад  дүгнэлтийг хэрхэн хийв? 

-Нэг зүйлийг ойлгох ёстой. Цаашид бид яах вэ. Хулгайгаа л яриад байх уу. Сүүлийн дөрвөн жилд "Төр бол хамгийн сайн менежер юм. Уул уурхайн ажлыг хувийн аж, ахуй нэгжүүд бус төр хийх ёстой" гэж мессежүүд эрчимтэй явсан. Энэ утгаараа бүх ажлыг төр хийдэг болсон. Тэгвэл өнөөдөр сөхөгдсөн нүүрсний асуудал нь "Төр бүх зүйлд оролцох шаардлагагүй юм" гэдгийг харууллаа. Энэ дүгнэлтийг хийж чадсан нь сайн талтай. Өөрөөр хэлбэл, төр бүх ажилд оролцдог байсан нь шалтгаан нь хулгайгаа хийх гэж л байсан байна шүү дээ.

Яахав, оффтейк гэрээ гэсэн. Гэтэл оффтейк гэрээ биш бартерын гэрээ байна лээ. Хүмүүс байраа зарахдаа төлбөрт нь машин авдагтай л ижил. Оффтейк гэрээ гэдэг нь мөнгөө 100 хувь урьдчилж байршуулаад тодорхой хугацаанд бараа бүтээгдэхүүнээ авахыг хэлнэ. Гэтэл бодит хийгдсэн гэрээ нь бүгдээрээ бартерын гэрээ байсан. 

Ноцтой байж болох асуудлууд юу вэ гэхээр өнөөдрийг хүртэл "Бодь" группийн тайлан болон цааш худалдсан гэрээнүүд ил болсонгүй. Уг нь хоёр тэрбум доллар буюу 7 их наяд төгрөгийн гэрээ хийсэн.  Тэгэхээр Хятадад компани байгуулсан байх магадлалтай байна. 60 доллараар аваад хилийн цаана 200 доллараар зардаг байж болно. Тийм бол үүний зөрүү 140 доллар болно. Энэ мөнгө өнөөдөр татварын орлого болж манай улсын эдийн засагт орж ирсэнгүй. Зөрүүнээс АМНАТ-ын татвараа аваагүй л байгаа юм.

Тэгэхээр үүнд татварын нэлээн том асуудал үүсэх ёстой юм болов уу гэж харагдаж байна. Мөн "Бодь" компани нэг ч зам тавьж үзээгүй туршлагагүй байж яагаад давуу эрхтэйгээр өндөр үнээр бүх гэрээг хийсэн юм, улсын тэргүүн асан Х.Баттулга гэж хүнтэй ямар хамааралтай юм гэх асуултууд байна. Ингэхдээ тус компанид гэрээ хийх эрхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нууцаар өгсөн байна. Тэд бол "ТЭЗҮ-ийн үнээр зам тавьсан" гэсэн. Гэтэл ТЭЗҮ бол "энэ ажлыг хэдээр хийж магадгүй" гэх таамаг шүү дээ. За яахав, хэдээр хийсэн нь хамаагүй гэхэд компанийг сонгон шалгаруулах ажил хийгдэх байсан.

Санхүүгийн чадалтай компанитай оффтейк гэрээ хийсэн гэх ойлголт өгөх гээд байх шиг байна. Гэхдээ энэ гэрээ бол оффтейк биш бартерын гэрээ байна.

Ямар ч замын компани 100 сая долларын урьдчилгаа өгөөд төлбөрөө нүүрсээр хийгээд зам тавьж чадна. Хэн ч барина.

-ЯАГААД Х.БАТТУЛГЫГ ЗУГАТААЛГАЖ БАЙГАА ЮМ. ЯАГААД "БОДЬ" ГРУПП БОЛОН ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙГ ШАЛГАХГҮЙ БАЙГАА ЮМ-

-Нэг км төмөр замыг барьсан өртөг хэр итгэл үнэмшилтэй дүн бэ? 

-Хамгийн сүүлд "Богдхан" 170 км төмөр замыг 700 гаруй сая доллараар тавина гэсэн байна. Өмнөговьд барьсан зам ч ялгаагүй нэг км төмөр замыг 5 сая доллараар барьсан байна. Задаргаа, тайлан, гэрээ дүгнэсэн актгүй учраас энэ талаар дэлгэрэнгүй хэлэхэд хэцүү юм. Ер нь уг асуудалд нэр холбогдсон өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга зугатаагаад явчхав. Энэ хүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь томилогдсон хууль, хяналтын байгууллагынхан зугатаалгасан уу. Тоймлоод үзвэл гурван том асуудал байна. Бид хаанаас нь эхлээд алийг нь цэгцлэх вэ гэдэг асуудал тулгараад байна. Ямартай ч алдаа дутагдлаа засаад ард иргэдийн хяналтыг сайжруулах ёстой. 

Эрдэнэс Тавантолгой ХК-д ТУЗ гэж том сүбьект байна. Компанийн хуулиараа ТУЗ-ийн гишүүд том хэмжээний гэрээ хэлцлийг шалгаж, гүйцэтгэх захиралд эрхийг нь өгөх ёстой. Гэтэл өнөөдөр нэг ч ТУЗ-ийн гишүүн шалгагдаагүй байна. Ер нь төрийн албан хаагчдыг ТУЗ-ийн гишүүнээр томилж ирсэн нь буруу байгаа юм л даа. "Бодь" группийг яагаад шалгахгүй байгаа юм. Энэ мэт асуудлууд байна.

Ер нь цаашид, 

Нэгдүгээрт, төр бүх жилд оролцож болохгүйг олон нийт ойлголоо. Тэр дундаа 100 хувь Төрийн өмчит компани байдлаар ажиллаж болохгүй нь. .

Хоёрдугаарт, ТУЗ-ийг зөвхөн төрөөс томилж болохгүй. Төрийн өмчит компанийг шинж чанараар нь ашгийн болон ашгийн бус гэж ангилах ёстой. Ашгийн бус компанийн тухайд  алдагдалтай ажиллаж болно. Төрийн албан хаагч нарыг ТУЗ-д нь оруулж, төрөөс захирлыг нь тавьж болно. Учир нь нийгмийн үйлчилгээний компани алдагдал хүлээдэг. Гол хулгай явагддаг ашгийн компаниудын хувьд ТУЗ-ийн гишүүдийг олон нийтийн сонсгол явуулж, шүүгч томилдогтой адил УИХ-аас томилох ёстой.

Цаашид Эрдэнэс Тавантолгой компани тээвэрлэлтээ өөрсдөө хариуцах ёстой юм. Хувийн хэвшлийг ашиглах уу эсвэл өөр хувилбарыг сонгох нь өөрсдөө зохицуулах асуудал. Түүнээс уурхайн амнаасаа зараад л хэн ч хамаагүй тээвэрлэж болно гэдэг байдлаар хандаж болохгүй гэсэн үг. Мөн бүх шатанд тушаал биелүүлдэг захирал, ТУЗ байж болохгүй. Учир нь бүх хэлцэл, гэрээнүүд ТУЗ-ийн хурлаар дамжиж байгаа гэдгийг би дээр дурдсан. Тиймээс ТУЗ-ийн гишүүдийг ард иргэдээс сонгодог байх юм уу эсвэл нээлттэй сонгон шалгаруулалт зарлах ёстой юм уу гэдгийг ярилцах ёстой. Ашгийн төлөө төрийн өмчит компаниудад ТУЗ-ийн гишүүдийг томилох зарчим нь өөр байх ёстой юм байна.

Шууд хувьчилдаггүй юм гэхэд сайн засаглалын зарчмыг төрийн өмчит ашгийн төлөөх компаниудад бүрдүүлэх ёстой. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хүртэл ТУЗ-аа нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгодог. Бид нар бүгдээрээ Эрдэнэс Тавантолгой компанийн  хувьцаа эзэмшигчид. Гэтэл ТУЗ-ийн гишүүнээр хэн томилогдож байгааг мэддэггүй. Тухайн асуудалд оролцох эрхгүй. Энэ эрх мэдлийг иргэдэд өгөх ёстой. Өчнөөн тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байхад ногдол ашгийг авч чадахгүй байна шүү дээ. Энэ бол иргэд болон бусад хувьцаа эзэмшигчдийн саналыг сонсохгүйгээр ганц, хоёр дарга шийдвэр гаргасны илрэл юм. Ингэж болохгүй. Дахин хулгай гарах шалтгааныг үндсээр нь шийдэхгүй бол хүнийг хүнээр солиод нэмэргүй.

Сая Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг хорьсон. ТУЗ-ийн гишүүдийг нь хорьчихлоо гэж бодъё. Дараа нь дахиад л Ганхуяг гарч ирнэ. Хулгай үргэлжилнэ. Бид 2024 онд дахиад л нүүрсний хулгайгаа яриад сууж байх болов уу. Энэ системийг өөрчлөх ёстой.

-ЗАСГИЙН ГАЗАР НҮҮРСИЙГ БИРЖЭЭР БОРЛУУЛАХ ЯМАР Ч БЭЛТГЭЛ, СУДАЛГААГҮЙ БАЙНА-

-Нүүрсний хулгайг таслан зогсоохын тулд нүүрсийг биржээр худалддаг болгох, цахимжуулах, технологижуулах шаардлага байна. Тиймээс Засгийн газраас журам гарган тун удалгүй нүүрсийг биржээр борлуулж  эхлэх гэж буй талаар Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр ярилцсан. Гэхдээ Засгийн газар бэлтгэл ажлаа хэр хангаж чадсан бэ. Магадгүй ирэх сараас нүүрсийг биржээр борлуулахад манай улс хэр бэлэн байна?

-Эрдэс баялгийг уул, уурхайн биржээр борлуулахад гурваас дөрвөн төрлийн арилжааг хийдэг юм. Форвард хэлцлээс эхлээд хийх ажлууд бий. Энэ нь "Дараа жилийн найман сард нүүрс авъя" гэж хэлээд мөнгөө байршуулахыг хэлж байгаа юм. Өдөр тутам асар их хэмжээний долларын гүйлгээ хийгдэнэ. Гэтэл өнөөдөр иргэн Х.Ганхуяг улс дотроо долларын шилжүүлэг хийж болохгүй байгаа шүү дээ. Ямар ч боломжгүй. Энэ жилийн турш 300-500 доллар л шилжүүлэх байнгын хязгаарлалттай явж ирсэн.

Аж, ахуйн нэгжүүд гадагшаа төлбөр тооцоог хийж болохгүй байсан. Экспорт хийдэг компаниуд Монгол руу доллар оруулж ирж чадахгүй байсан. Ихэнх хэлцлүүдийн төлбөр Оросын банкаар хийгддэг байсан ч дайны нөхцөл байдлаас шалтгаалан тус улсын банкууд хоригт оронгуут гадаад гүйлгээ хийх боломжгүй хүртэл болсон.

Нүүрсийг биржээр арилжвал аль нэг брокерийн компаниар дамжуулж гадаад гуйвуулгаар их хэмжээний мөнгө Монгол руу орж ирнэ. Энэ олон шат дамжлага хийгдэх байхад ажлын хэсэгт Монголбанкнаас төлөөлөл оролцуулахгүйгээр хуулийн төсөл боловсруулна гээд бариад яваад байгаа нь асуудалтай.

Учир нь Монголбанкнаас зөвшөөрөл авах шаардлага үүснэ шүү дээ.  Банк болон гүйлгээтэй холбоотой эрсдэлээ огт тооцоогүй. Зургаан сарын нэгнээс эхлээд 2023 оны төгсгөлд хүрэхэд 36 сая тонн нүүрс гаргана гэж бодъё. Үүний 6-10 саяыг хувийн хэвшил экспортлоно гэхэд үлдсн  20 орчим сая тонныг Эрдэнэс Тавантолгой ХК ганцаараа зарна. Өнөөдрийн хил үнээр буюу 210 доллараар зарна гэж бодоход дөрвөн тэрбум долларын арилжаа хийгдэх нь.

Дөрвөн тэрбумын арилжаа хийхэд банкиуд нь бэлтгэлтэй байна уу. Ядаж Монголбанк нь мэдэж байна уу. Засгийн газраас “журмаар” зохицуулна гэсэн. Ийм олон газартай холбоотой асуудлыг журмаар зохицуулахад асар хүндрэлтэй. Хууль давсан журам гэж үгүй. Судалгааг хийгээгүй, бэлтгэлийг муу хангасан байна гэж үзэж байна.

60 ДОЛЛАРААР АВЧХААД ХИЛИЙН ЦААНА 200 ДОЛЛАРААР ЗАРДАГ. ГУРВАН КОМПАНИЙН МАШИН 700 ГАРУЙ УДАА ХИЛЭЭР ХООСОН ГАРСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА

-Жагсагч иргэдийн зүгээс УИХ-ын 76 гишүүнийг нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдсон гэж хардан хариуцлага тооцох шаардаж байна. Та эрх баригч МАН-ын бүлгийн гишүүн. Тэгэхээр танай бүлгийн гишүүдээс хэн нь нүүрсний асуудалд холбоотойг гадарлаж байгаа байх?

-Эрдэнэс  Тавантолгой ХК-ийн хуучин захирал л сайн мэдэх  байх. Миний хувьд Ардын нам, Ардчилсан намынх гэхээсээ илүү “Нүүрсчдийн нам” гэж тусдаа байгуулагдсан юм биш үү гэж харж байна. Төр засгийнхаа дээр сууж, хууль хяналтын байгууллагаа хармаалсан бүх намд гар хөлтэй.Тухайлбал, нэг, хоёр, гурван компанийн машин 700-800 удаа хилээр хоосон гарсан гэсэн мэдээлэл байна.

Үүнийг нэг гишүүн хийх ямар ч боломжгүй. Энэ бол системчилсэн хуйвалдаан. Өнөөдөр тэрний машиныг хилээр гаргахад хил, гааль гээд бүх байгууллагууд оролцсон гэсэн үг. Мөн хууль хяналтын байгууллагууд нь оролцсон. Энэ бол нэг намын асуудал биш. Харин ч задарсан нь боллоо. Учир нь цаашид бид нар төрийн менежментээс сална. Монголын эдийн засагт орж ирдэггүй байсан нүүрсний борлуулалтын үр өгөөж орж ирнэ. 60 доллараар авчхаад хилийн цаанаа 200 доллараар зараад мөнгөөр нь барилгын материал Монгол руу оруулж ирээд барилга барьдаг байсныг хүн бүхэн мэднэ.

Тэгэхээр тэр төлөхгүй үлдээсэн 210 доллараасаа татвар авах боломж нээгдэнэ. Үр өгөөж нэмэгдэнэ. Хувьцаа эзэмшигчид нүүрсний үнээс хулгай хийдгээ болино. Үүнийг цаашид цэгцлээд явна. Яахав, нүүрсний асуудлаас болж УИХ-руу нэлээн гал ирж байх шиг байна. Одоо 76 гишүүн чинь бүгд хулгайч болж дуусах юм шиг байна. Гэтэл энэ нь иргэдийг төрд итгэх итгэлгүй болгож байна. Цаашид буруу ойлголт авчрах магадлалтай.

ШИНЭ МЭДЭЭ