2022.12.23
Хууль, эрх зүй
Хууль санаачлахад тодорхой хүрээ хязгаар тогтооно
УИХ-ын чуулганы /2022,12,23/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцуулав.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн ХЗБХ-ны санал, дүгнэлтийг танилцуулав.
Хуулийн төсөлд тусгагдсан зарчмын шинжтэй өөрчлөлтийг дурдвал:
- Хууль тогтоомж санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн хүрээнд бус Хууль тогтоомжийн тухай хуулиар нарийвчлан зохицуулж, хууль тогтоомжийг санаачлан боловсруулахтай холбогдсон асуудлыг цогцоор нь тусгах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийн зорилгод энэ талаар оруулж, хуулиас гадна Улсын Их Хурлын бусад шийдвэр санаачлахад тодорхой хүрээ, хязгаар тогтоолоо. Уг зохицуулалттай уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж боловсруулсан.
- Хуулийн төсөлд Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулахаар, үндсэн чиглэлийн төсөлд санал өгөх байгууллага нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны, эсхүл энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу нийгмийн тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлохоор тусгажээ.
- Хуулийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх нь нэг талаар давхацсан, нөгөө талаар хуулийн хэрэгжилтийг тухайн хууль батлагдсанаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа үр дүнг тооцож, хэрэгжилтийг тодорхойлдог бөгөөд хууль тогтоомжийн зорилго болон үзэл баримтлалаар тодорхойлсон үр дүнд хүрэх байдлыг тогтмол хугацаанд ажиглан дүгнэлт өгөх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, түүний хэрэгжилтийг үнэлэх нь бодит бус дүгнэлт гарах магадлалтай тул хасах өөрчлөлтийг тусгасан.
- Хуулийн төслийн төрлийг анхдагч, хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн шинэчилсэн найруулгын тухай болон хууль хүчингүй болсонд тооцох тухай гэж шинэчлэн тогтоож, тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр бол багц хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж болохоор оруулсан.
- Хуулийн төслийн танилцуулгыг товч болон дэлгэрэнгүй хийхээр тусгаж, дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбар хийхээр, уг тайлбарт хуулийн төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төсөлд хэрэглэсэн нэр томьёо, ухагдахууны үүсэл, хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцаа, түүний зохицуулалтыг хэрхэн ойлгох талаарх мэдээллийг оруулахаар заасан. Ингэснээр хууль санаачлагч ямар агуулгаар холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар хууль хэрэглэх явцад ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл танилцуулгад дурдсан тайлбарыг эх сурвалж болгон ашиглаж болох зохицуулалтыг тусгасан.
- Одоогийн хууль тогтоомжоор Улсын Их Хурлаас баталсан хуулиудын албан бус орчуулгыг хийх талаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн төсөлд Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, хувийг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулахаар тогтоолоо. Хууль санаачлагч өөрийн санаачлан Улсын Их Хурлаар батлуулсан хуулийн албан бус орчуулгын хувиас гадна худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр батлуулсан хуулийн албан бус орчуулгын хувийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, уг санд оруулахаар хуулийн төсөлд тусгаж, үүнтэй уялдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан.
- Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.1.2-12.1.6-д заасан аргачлал хамаарахгүй хууль тогтоомжийн төслийг заасан бөгөөд уг хэсэг дэх хөгжлийн бодлогын баримт бичгийг Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх шаардлага тулгарсан. Иймд хуулийн төсөлд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.12, 4.1.13-т заасан Улсын Их Хурлаар батлах шаардлагатай хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.11, 12.2.12, 12.2.13-т заасныг уялдуулах, мөн Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газар батлахаар хуулийн төсөлд тусгаж байгаатай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн 12.2.14 дэх заалтыг хасах өөрчлөлтийг тусгав.
- Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.” гэж Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийг заасанд нийцүүлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд тодорхойлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаарх нэмэлтийг тусгалаа. Түүнчлэн хуулийн төсөлд тавих нийтлэг шаардлагад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан байх шаардлагыг нэмж тусгасан.
- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчилж, үйл ажиллагааны дүрмийг Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар, эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийх, үүнээс бусад үнэлгээ, судалгааг захиалгаар гэрээний үндсэн дээр хийж болохоор чиг үүргийг тодорхой тусгасан аж.
ШИНЭ МЭДЭЭ
Х.Нямбаатар: Хуулийн төслийг дэмжиж байгаа
2022.12.16
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
2022.12.15