Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг өргөн барилаа
2022.12.26
Эдийн засаг, Худалдаа

Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.12.26Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийн тухай

Хууль санаачлагч танилцуулгадаа, Монгол үндэстний дэлхийд бахархах өв болох морин уралдааныг бооцоот уралдааны шинэ төрлийн спорт болгон хөгжүүлэх, бооцоот морин уралдаан зохион байгуулах эрх зүйн орчныг бий болгох хүрээнд  хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасэн гэлээ.

Үүнд, бооцоот уралдааны үйл ажиллагааг хууль ёсоор, хариуцлагатай эрхлэх боломжийг бий болгох үүднээс бооцоот морин уралдааны үйл ажиллагаа эрхлэх нийтийн эрх зүйн этгээд буюу “Монголын морин уралдааны холбоо”-г  хуулиар байгуулж, түүний чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоож, бооцоот уралдааны үйл ажиллагааг нээлттэй, хариуцлагатай, ил тод байдлаар зохион байгуулах, оролцогчдод тэгш боломж олгох, бооцоот морин уралдааны оролцогч, уяач, унаачийн эрх ашгийг тэнцвэртэй хангах зохицуулалтыг тусгасан.

Холбоо нь морин тойруулгын дүрэм, бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог тооцоолох, хуваарилах дүрэм, аргачлалыг батлахаар тусгаж, мөн уяач морин тойруулгын гишүүнээр элссэнээр морин тойруулгын дүрмийн дагуу уралдаанд морио уралдуулах бөгөөд ингэснээр морины эзэн, уяачдад Үндэсний баяр наадам, бүсийн хурдан морины уралдаанаас гадна бусад улиралд морио уралдуулж, орлого олох, мөн морины уралдааныг олон ангиллаар зохион байгуулах боломж бий болно гэж үзлээ.

Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс бооцоот морин уралдааны морийг морь унах, уралдуулах чадвар, дадлыг эзэмшсэн, 18 насанд хүрсэн хүн унах бөгөөд тухайн шаардлагыг хангаагүй хүнээр бооцоот уралдааны морь унуулахыг хориглох зохицуулалтыг тусгалаа. Ингэснээр унаач хүүхдийн эрхийг хөндөхгүйгээс гадна морь мэддэг, унаж чаддаг хүмүүс шинээр ажлын байртай болох боломж бий болно гэж үзжээ.

Мөн өв соёл, түүхэн уламжлалаараа дамжуулан эдийн засгийн өндөр үр өгөөжтэй аялал жуулчлалын хэлбэрүүдийг хөгжүүлэх хүрээнд уралдаан зохион байгуулагч нь бооцоот морин уралдаан зохион байгуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхтэй хамааралгүй үйл ажиллагаа явуулахыг хориглосон бөгөөд тэр дундаа ашиг хонжоо олох зорилгоор казино, бооцоот таавар, хонжворт сугалааны үйл ажиллагааг хавсран эрхлэхийг хориглосон. Бооцоот уралдаанд цугларсан нийт орлогын 60-аас доошгүй хувийг оролцогчдын бооцооны хонжвор, түрүүлсэн болон шагналт байранд орсон морины уяач, унаачийн шагналд олгох бөгөөд бооцоот морин уралдааны нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 60 хувиар онцгой албан татвар ногдуулах тул давхардуулан аж ахуйн нэгжийн орлогы албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байх зарчмыг баримталсан болно. Мөн тоглогчийн хонжворын орлогод Хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар тусгасан. Холбооны төлсөн Онцгой албан татвараас төвлөрүүлсэн орлогын зарим хэсгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулахаар Ирээдүйн өв сан болон Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар бий болно гэж үзжээ:

- Улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэх, мөн татварын орлогын зарим хэсгийг нийгэм, соёлын үйл ажиллагаанд зарцуулах;

- Морины эзэн, уяачид Үндэсний их баяр наадам, бүсийн хурдан морины уралдаанаас гадна бусад улиралд морио уралдуулах, орлого олох, мөн морины уралдааныг олон ангиллаар зохион байгуулах боломжтой болох тул хурдан морины уралдаанд уралдуулж чаддаггүй эрлийз адуугаа бооцоот морин уралдаанд уралдуулах боломжтой болно;

- Бооцоот морин уралдааны унаач нь зөвхөн 18 насанд хүрсэн хүн байх тул хүүхдийн эрхийг зөрчсөн тухай асуудал яригдахгүй бөгөөд моринд гарамгай хүмүүс шинээр ажлын байртай болох боломжтой;

- Бооцоо тавьж оролцогч нь 18 насанд хүрсэн хүн байх буюу Монгол Улсын, эсхүл гадаадын иргэн байх боломжтой. Морин спортыг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, морь шинжиж мэддэг хүмүүс бооцоо тавих зэргээр чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжтой болно;

- Уралдаан үзэгч нь бүсийн болон улсын хурдан морины уралдаангүй цагт ч морин уралдааныг морин тойруулгад очиж, эсхүл өргөн нэвтрүүлгээр дамжуулан үзэж сонирхох боломжтой болох бөгөөд дотоодын иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, гадаадын жуулчид зорьж очих газар нэмэгдэх зэрэг ач холбогдолтой байна аж.

Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах юм байна

ШИНЭ МЭДЭЭ