“Холимог металлын ордууд, тэдгээрийн ашиглалт”-ын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлэл хийлээ
2022.12.28
Уул уурхай, Ашигт малтмал

“Холимог металлын ордууд, тэдгээрийн ашиглалт”-ын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.12.27) хуралдаан 14 цаг 36 минутад эхэлж, хуралдааны эхэнд “Холимог металлын ордууд, тэдгээрийн ашиглалт”-ын талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээллийнхээ эхэнд цайр, мөнгө, хар тугалгын дэлхийн нөөц, үйлдвэрлэл, эрэлт, хэрэглээ, ханшийн талаар товч танилцуулсан. Мөн тэрбээр, тус яамнаас түүхий эд, металлуудаа дөрөв ангилж байна. Төмрийн хүдэр, металлургийн нүүрс, цайр, зэс, хар тугалга, хөнгөн цагааныг холимог полиметалл биш, аж үйлдвэрийн ашигт малтмал гэдгээр нь орчин үеийн чиг хандлагын дагуу ангилсныг дурдахын зэрэгцээ Монгол Улсад холимог металлыг цайр, хар тугалга, мөнгө гэсэн энэ гурван зүйлээр төлөөлүүлж байна. Нэг хүдэрт гурваас дээш ашигт малтмал агуулагдаж байгаа бол үүнийг холимог металл гэж үздэг гэж байв.

Үргэлжлүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва холимог металлын орд газрын судлагдсан болон цаашид судлагдаж байгаа байдлын талаар мэдээллэв. Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын хэмжээнд хүдэржилтийн 11 дүүрэгжилт бүртгэгдсэн байдаг. Мөн Монгол орны холимог металлын судалгааг нутгийн зүүн хэсэгтээ харьцангуй сайн, баруун хэсэгт сул хийсэн байдаг. Гадаргуу орчмын болон гүний холимог металлын ордуудын судалгаа эхлэл төдий байгаа тул цаашид эрэл, хайгуулын сэдэвчилсэн судалгааны ажлыг эрчимтэй явуулах шаардлагатайг онцолсон.


Одоогийн байдлаар бүртгэгдсэн холимог металлын ордуудын нийт эзэмшлийн, тоогоороо 33 тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгаагийн хоёр нь төрийн өмчит, үлдсэн 31 нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хувийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байна. Эдгээр 33 тусгай зөвшөөрөл бүхий орд газруудын тав дээр нь олборлолт, баяжуулалт, экспортын үйл ажиллагаа явуулж байна. Мөн ашиглалт эхлээгүй 14 тусгай зөвшөөрлийн холимог металлын орд, цаашлаад хайгуулын ажлаа дуусгах, бэлтгэл ажлаа хангах түвшинд байгаа 14 тусгай зөвшөөрөл бүхий холимог металлын ордууд байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Г.Дамдинням, С.Ганбаатар, Т.Энхтүвшин нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газар, Улсын Их Хурлаас холбогдох шийдвэрүүдийг гаргасныг дурдаад энэ асуудалд бодлого, төлөвлөлт хийж, хэрхэн ажиллахыг илүүтэй тодруулж байлаа.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн "Зэс, металлын групп"-ийн дарга Х.Бадамсүрэн хариултдаа, Асгатын ордын батлагдсан нөөц 6.4 сая тонн байна. Энэ ордыг бид цааш нь хөдөлгөх талаар санал гаргасан, удахгүй “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна гэв.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, “1996 онд Асгатын ордын баталгаажсан нөөц нь 6.4 сая тонн, боломжит нөөц нь 22 сая тонн гэж батлуулсан байдаг. Иймд яамнаас “Эрдэнэс Монгол” ХХК-д 22 сая тонноо баталгаажуул гэсэн чиглэл өгсөн" хэмээн нэмж тайлбарлалаа.

Хуралдааны төгсгөлд “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төсөлд “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодпогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтыг “Дархан арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэсэн дэд бутцийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, төсвийг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, гаргасан дүгнэлтэд үндэслэн боломжит дэд бүтцийг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж өөрчлөхөөр тусгасан байв.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ж.Батжаргал Г.Дамдинням нар асуулт асууж, үг хэлсний дараа “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Иймд Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныханд төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэж үзээд төслийг Байнгын хорооны хуралдаанаар дахин оруулж ирэх чиглэл өгснөөр хуралдаан өндөрлөлөө

ШИНЭ МЭДЭЭ