Шинээр баригдах орон сууцны хороолол, хотхоны төлөвлөлтийн зөвшөөрлийг зөвхөн сургууль, цэцэрлэгийн төлөвлөлттэй компанид олгоно
Өнгөрсөн 11 дүгээр сард Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг ахалж, Монгол Улсын ЗГ-ын 212 дугаар тогтоол буюу “Барилга байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох норм, дүрмийн дагуу заавал тусгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах тухай тогтоол”-ыг батлуулсан.
Тогтоолын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлэн журмын төслийг найман зүйлтэйгээр боловсруулсан байна.
Шинэ журамд архитектур төлөвлөлтийн даалгавар олгохоос эхлээд барилга ашиглалтад оруулах хүртэлх үйл ажиллагааг нарийвчлан зааж тусгасан бөгөөд Газрын тухай болон бусад хуульд багтсан заалтуудыг хассан.
Түүнчлэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолд, хориглох зүйл, хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн байна.
Зөвлөлийн гишүүд журмыг төслийг хэлэлцэж, гаргасан санал, зөвлөмжийг тусган НИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.
Зөвхөн сургууль, цэцэрлэгийн төлөвлөлттэй орон сууцны хороолол, хотхон, цогцолбор барих компани, аж ахуй нэгжүүдэд газар олголт, барилгын тусгай зөвшөөрөл олгохоор боллоо.
Нийслэлийн засаг даргын захирамж гарснаар цаашид баригдах орон сууцны хороолол, хотхон бүрд сургууль, цэцэрлэг төлөвлөгдөж, заавал төлөвлөлтийн дагуу баригдах хатуу нөхцөл тавьсан учраас жил бүр үүсдэг сургууль, цэцэрлэгийн хүртээмж тойрсон асуудлыг шийдэх суурь болж өглөө.
ШИНЭЭР БАРИГДАЖ БАЙГАА ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ, ХОТХОН БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХДАА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХЭРЭГЦЭЭГ АШИГЛАДАГ.
Яагаад шинээр баригдаж байгаа орон сууцны хороолол, хотхонууд сургууль, цэцэрлэгийн төлөвлөлт хийдэггүй вэ, зураг төсөв дээрээ хийж зөвшөөрлөө авдаг ч яагаад хэлсэн амандаа хүрч барьдаггүй вэ. Үүний цаана авилгал, албан тушаалын хэрэг явдагддаг гэж хэлэх үндэслэлтэй санагдсан учраас энэ асуудлыг Монгол Улсын засгийн газарт танилцуулж, ЗГ ын тогтоол батлуулсан.
Нийслэлд амьдарч буй 2-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахад хүндрэл үүсч байсны гол шалтгаан бол шинээр бий болж буй суурьшлын бүс, орон сууцны хороолол, барилгуудад хүүхдийн цэцэрлэг төлөвлөсөн боловч барьдаггүй, оронд нь орон сууцны барилгууд барьдаг, хот тосгоны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд тавих хяналт сул байгаатай шууд холбоотой.
Өнөөдөр нийслэлд баригдаж буй нийт 752 орон сууцны барилгын 0,02 хувь буюу 20 барилгад л цэцэрлэг төлөвлөсөн. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа нийт орон сууцны гуравт нь нэг давхартаа цэцэрлэгтэй байхаар төлөвлөгдсөн байх жишээтэй. Нийслэлд 2018-2022 оны байдлаар нийт цэцэрлэгийн барилгын 98 архитектор төлөвлөлтийн даалгавар, 72 загвар зураг батлагдсанаас барилга эхлүүлэх 102 зөвшөөрөл олгосон боловч улсын комисс 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авсан байна.
Жишээ нь 2018 онд архитектор төлөвлөлтийн даалгаврыг 24 дээр гаргасан мөртлөө, загвар зураг нь 13 болж нэг дахин буурдаг. Дараа нь барилга эрхлэх зөвшөөрлийг дахин нэмэгдүүлж 26 болгосон ч комисс хүлээж авсан ердөө 12 болж дахин нэг дахин буурдаг. Энэ юуг харуулж байна вэ гэхээр авилга, албан тушаалын гэмт үйлдэл яваад байгааг харуулж байна гэж шууд үзэж байна.
Энэ нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг норм, нормативын дагуу төлөвлөсөн боловч баталсан загвар зургийн тоо АТД-аас багассан, барилга эхлэх зөвшөөрлийн тоо нэмэгдсэн боловч Улсын комисс хүлээн авсан барилгын тоо архитектор төлөвлөлтийн даалгаварт тусгаснаас 41,0 хувиар багассан нь цэцэрлэгийн хомсдол үүсэх гол шалтгаан болж байна.
Дээрх нөхцөл байдлын улмаас нийслэлд цэцэрлэгийн хомсдол үүсч, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт ордог, эцэг эх, асран хамгаалагч нь хонон өнжин очерлодог, танил тал хайдаг, зарим тохиолдолд бусдад шан харамж өгч байж цэцэрлэгт оруулдаг зэрэг олон сөрөг талууд бий болж, өнгөрсөн хичээлийн жилд 34,0 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй.
Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр 2022-2023 оны хичээлийн жилд УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тогтвортой хэрэгжихэд хүндрэл учирч болзошгүй.
ТИЙМ УЧРААС ЗГ-ЫН ТОГТООЛД:
-Цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад оруулсан, барих зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтанд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллах,
-барилга байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох норм, дүрмийн дагуу заавал тусгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах,
-орон сууцны хороолол, цогцолбор барилгад төлөвлөгдсөн цэцэрлэгийн барилгыг бүрэн ашиглалтад орох хүртэл хугацаанд тухайн бүс нутгийн байршилд “түр цэцэрлэг” байгуулж ажиллуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд цэцэрлэгийн барилга байгууламжийг холбогдох хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагыг хангуулж, тусгасан эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд цэцэрлэгийн барилга байгууламжийг тусгах талаар арга хэмжээ авч ажиллах,
-цэцэрлэгийн зориулалтаар баригдсан барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр түрээслэх, худалдан авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, шаардагдах зардлыг жил бүрийн улс, нийслэл, орон нутгийн төсвийн төсөлд тусгахаар оруулсан.
-Тогтоолын төслийг хэрэгжүүлснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газраас 2022 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хадгалах, цаашид шинээр баригдах хороолол, цогцолбор барилга байгууламжид цэцэрлэгийн барилгыг заавал төлөвлөж, хэрэгжилтэд тавих хяналт сайжирна. Шинэ суурьшлын бүсүүдэд хүүхэд “цэцэрлэг”-гүй үлддэг байдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээ болно.
Цаашид цэцэрлэг, сургуулийн барилгыг төлөвлөхдөө хүн амын хэтийн тооцоо, тухайн орон нутгийн хөгжлийн ирээдүй, боловсролын хүртээмж, цэцэрлэгийн барилгын хүчин чадал, насжилттай уялдуулан тооцох "SCHOOL MAРРING" орон зайн төлөвлөлтөд суурилан хийхээр бэлтгэж байна.