Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонслоо
2023.01.04
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонслоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2023.01.03) хуралдаанаар өвөлжилтийн байдал, цаг агаарын төлөв, өвөл хаврын улирлын тэжээлийн хэрэгцээ, нөөц бэлтгэл, отор нүүдэл, эрчим хүч, түлш дулааны хангамжийн асуудал, агаарын бохирдол болон бусад асуудлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл сонслоо.

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт нийт 1,171 тн өвс, 8,000 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн ба Улсын хэмжээнд 2022 онд 188,600 малчин өрх 71.6 сая мал тоолуулсан. Үүнээс энэ өвөл 21,800 өрхийн 9.5 сая мал отроор өвөлжих нөхцөл байдал үүссэн тухай мэдээлэлдээ дурдлаа. Шадар сайдын мэдээлэлтэй холбоотой Байнгын хорооны гишүүд асуулт асууж, цаашид авах арга хэмжээний талаар саналаа хэлж, Байнгын хорооны хурлын тэмдэглэлээр холбогдох газруудад үүрэг, чиглэл өгөхөөр тогтлоо.

Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ХХААХҮЯ-ны сайд Х.Болорчулуун, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тэргүүтэй бусад холбогдох албан тушаалтнууд оролцож, эрхлэх асуудлын хүрээнд гишүүдийн асуултанд хариулж, мэдээлэл өглөө.
Шадар сайдын мэдээлэлтэй холбоотой Байнгын хорооны гишүүд асуулт асууж, цаашид авах арга хэмжээний талаар саналаа хэлж, Байнгын хорооны хурлын тэмдэглэлээр холбогдох газруудад үүрэг, чиглэл өгөхөөр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ