МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Хулгай нүүрлэсэн төрийн өмчит компанийг олон нийтэд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай
2023.01.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Хулгай нүүрлэсэн төрийн өмчит компанийг олон нийтэд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар УИХ-д өргөн мэдүүлжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Манай улс байгалийн баялгийнхаа хэмжээгээр дэлхийд эхний аравт жагсдаг. Гэтэл нийт иргэний 42.5 хувь нь ядуурлын түвшинд очсон байна. 

Өнөөдрийн байдлаар Тавантолгой ордын судлагдсан нөөц нь 7.2 тэрбум тонн байгаа юм. Уг нь 10 тэрбум тонн нөөцтэй байсан ч бид арчаагаа алдаад гадныханд алдчихсан.

Бидний тавьж байгаа шаардлага:

  • Мэргэжлийн хүнийг удирдагчаар томилох, технологийн дагуу ажиллуулах
  • Иргэн бүрд хувьцааны хоёр сая төгрөгийн ашгийг жил болгон хүртээх
  • Цаашлаад “Эрдэнэт” ТӨҮГ-ын тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлж, ашиг хүртээх асуудлыг хөндөнө
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тодорхой хувийг иргэд эзэмших ёстой

Үүгээр зогсохгүй хулгай нүүрлэсэн бусад төрийн өмчит компанийг олон нийтэд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна.

Ингэснээр иргэд тодорхой хэмжээнд баялгийнхаа ашгийг хүртээд явах боломжтой. Баялгийн менежментээ зөв хийсний үндсэн дээр Монгол Улс хөгжинө" гэж ярилаа.

ШИНЭ МЭДЭЭ