МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.05
Барилга, Хот байгуулалт

Ё.Баатарбилэг: Хот байгуулах ерөнхий ТЭЗҮ хэдий хугацаанд бэлэн болох вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

1220 онд Чингис хааны зарлигаар Хархорум хотыг анх байгуулж үүнээс хойш эзэнт гүрний төв Орхоны хөндийд байсан эртний төрт улсуудын нийслэлүүдийн өлгий нутаг болох Орхоны хөндийд шинэ хот байгуулах цаг нь болсон гэж үзэж буй.

Орхоны хөндийд шинэ хот байгуулах асуудлыг сүүлийн 20 гаруй жил ярьсан. 2000 оноос бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал УИХ-аар батлагдсан. Тэр үед зэрэгцүүлээд Орхоны хөндий, Хархорин хот хавьцаа шинээр хот байгуулах асуудал маш олон түвшинд эрдэмтэн, судлаач, мэргэжлийн байгууллагууд, БХБЯ гээд ажлын хэсгүүд ажиллаж, судалгааны ажлууд олон жил үргэлжилж хийсэн байна лээ.

800 жилийн өмнөх хотыг сэргээж, шинээр байгуулах цаг болсон. Юнескогийн соёлын өвийн бүсийн заагаас гадуур, өнгөрсөн зун УИХ-ын дарга, байнгын хорооны дарга, зарим гишүүд газар дээр нь ажиллаж, ажлын хэсгийн судалгааны ажлуудтай танилцсан. Тээвэр ложистик, аялал жуулчлалын Хангайн бүсийн тулгуур төв болохоор хот байгуулах зохимжтой газар байсан. Энэ асуудалд БХБЯ маш сайн ажилласан. Мэргэжлийн байгууллагууд бүх судалгааны ажил хийсэн.

Одоо үүн дээр УИХ-аас тогтоол баталж, Засгийн газраас тодорхой үүрэг чиглэл өгнө. Ингэхэд ажлын хэсэг цаг хугацааны хувьд хэдэн үе шаттай, ажил хийхээр ерөнхий төлөвлөлттэй байна вэ? Хот байгуулах ерөнхий ТЭЗҮ ямар хугацаанд бэлэн болох вэ. Үүнийг боловсруулах төсөв, санхүүгийн асуудал шийдэгдсэн гэж би ойлгосон. Хот байгуулах ажлууд ямар үе шаттай, хэр хугацаанд босох вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ