2023.01.13
Хууль, эрх зүй
Ж.Сүхбаатар: Улс төрд нөлөө бүхий хүмүүсээс болж ялзрал үүсдэг
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.13\ нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Үндсэн хуулийн баярын өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын үндсэн хуулийн өдөр тохиож байгаа учраас үндсэн хуулийнхаа талаар танин мэдэх, зөв хэрэглэх, тууштай мөрдөх талаар анхаарч ажиллаж байх ёстой. Мэдэгтүн сахигтун гэж дууссан байдаг. өнгөрсөн 31 жилийн хугацаанд бид нар мэдэх тал дээрээ дутуу ажилласан, зөв хэрэглэх тал дээр асуудал гараад байдаг. Тууштай мөрдөх тал дээр шүүмжлэлтэй асуудлууд үүсдэг. Нэг бол үндсэн хуулиа үгүйсгэдэг, нэг бол засаж сайжруулах зүйл байхгүй гэдэг асуудлыг ярьж ирсэн.
Ер нь нэг зүйлээс болгоомжлох хэрэгтэй. Үндсэн хууль руу алдаа дутагдлаа чихэж, хуулиа үгүйсгэх болохгүй. Үндсэн хуулийн үгүйсгэл нь төр улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн хууль ёсны байдлыг үгүйсгэх аюул, занал үүсгэдэг. Үүн дээр бид анхаарах хэрэгтэй. Үндсэн хуулийг үгүйсгэж байгаа улсуудын хамгийн гол ярьдаг зүйл нь төр болохгүй байна. Төрд буй хүмүүс болохгүй байна гэж ярихдаа үндсэн хуультай уяж яриад байдаг.
Нийтийн албанд болон нийтийн хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж бий. Энэ хуулийг 10 жилийн өмнө миний бие болон Тэмүүжин зэрэг гишүүд санаачилж байсан юм. Би Их Хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа зарим хүмүүсийн эсэргүүцлийг даван туулж, энэ хуулийг батлуулж байсан. Уг хуульд 2 чухал зүйл байдаг. Нэг нь төрийн алба гэдэг үгийг нийтийн алба болгож анх удаа өргөн утгаараа хуульд хэрэглэсэн буй. Төрийн алба гэдэг үг Германд үзвэл ийм нэр томъёо байхгүй. ОХУ Зөвлөлт холбоот улсын үеэс эхлээд бид төрийн алба буюу төрд өөрт нь ашиг сонирхол байдаг мэтээр ярьж ирсэн.
Орчин цагт нийтийн ашиг сонирхол гэж байдаг. Төрд өөрт нь ашиг сонирхол гэж байх ёсгүй. Төрийн ашиг сонирхол гэж бид нарын буруу бичээд, зөв ойлгоод байдаг зүйлийг бид нийтийн ашиг сонирхол гэж зөв ойлгосон. Төрд өөрт нь алба байхгүй. Нийтэд нь үйлчилдэг алба байгаа. Харин нийтийн албан дотор нь Засгийн газрын хариуцан ажилладаг алба гэж хуваагдаж явдаг.
Төрийн ялзрал, үндсэн хуулийг мөрдөхгүй байх хамгийн гол зүйл бол ашиг сонирхлын зөрчилд идэгдэх явдал. Би УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гишүүний оруулж ирж буй хуулийг зөв гэж үзэж байна. Төрийн эрэг боолт, өөртөө тавих шаардлага чангарч байгаа.
Нэг асуулт байна. Төрийн өндөр албан тушаалтан түүний хамаарал бүхий этгээд гэчихээр явцуу хүрээнд ороод явчихаж байгаа юм. Улс төрд нөлөө бүхий хүн гэдгийг гүн утгаар нь томъёолчихсон байдаг. Энэ бүх ялзрал үндсэндээ улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой. Мөнгө угааж байна. Олон улсын хэмжээнд ч үүнийг ярьдаг. Тэгэхээр улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг өргөн утгаар нь авч үзэх тал дээр анхаарч үзсэн үү?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хариуллаа.