Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд орон нутгийн үйлдвэрүүдтэй танилцаж байна
2023.01.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд орон нутгийн үйлдвэрүүдтэй танилцаж байна

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд орон нутгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ хүрээнд Төв аймгийн Аргалант суманд үйл ажиллагаа явуулж буй "Эко фүүдс" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр, "Нүүдэлчин агро ферм" ХХК-ийн сүүний кластер ферм, Лүн суманд үйл ажиллагаа явуулж буй "Эрүүл монгол мах эко" мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдтэй танилцан, махны үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцан, үйлдвэрлэл эрхлэгчдийн санал хүсэлтийг сонслоо.

"Эко фүүдс" ХХК-ийн махны үйлдвэр нь 2018 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хоногт 2000 бог мал халал аргаар төхөөрөх хүчин чадалтай бөгөөд АНЭУ-руу мах экспортолж байна. "Эрүүл монгол мах эко" ХХК-ийн үйлдвэр нь хувийн хөрөнгө оруулалтаар баригдан 2022 онд ашиглалтад орсон бөгөөд хоногт 2500 бог, 500 бод мал төхөөрөх хүчин чадалтай юм.

Одоогоор тус үйлдвэрт 120 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд үүний 70 орчим хувийг орон нутгийн иргэд эзэлж байна. Эдгээр үйлдвэрүүд нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахын зэрэгцээ нутаг орны эдийн засгийн чадавхыг сайжруулж байгаа нь онцлог юм.

ЗГ-аас махны үйлдвэрлэл, экспортыг дэмжих чиглэлээр экспортын махны квотыг цуцалсан бөгөөд төрийн болон төрийн бус 7 байгууллагын үйлчилгээг нэг цонхноос авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Үйлдвэрүүд гадаад харилцаагаа өргөжүүлэн, хүлээн авагч талын хорио цээрийн дэглэмийг сайтар анхаарч, тухайн орны шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар байнгын хорооны гишүүд үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ