“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2023.01.17
Хууль, эрх зүй

“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2023.01.16) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн)-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасанд Ажлын хэсгээс тайлбар авсан юм. Ажлын хэсгийнхэн, Чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр Мэргэжлийн ерөнхий газрын харьяанд байсан 28 чиглэлийг задалж, салбарын яамдуудад нь өгсөн. Энэ санал дэмжигдсэнтэй холбогдуулж, төслийн 2.1, 7.6-д дээрх 28 чиглэлийг гүйцээн боловсруулан байршуулах юм” хэмээн хариулав.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т "Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж заасны дагуу санал хураалтыг явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дээрх саналыг дэмжсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очирын гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь тус тус дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Дараа нь Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Дэлхий нийт коронавируст халдварын дараах эдийн засгаа сэргээх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн цаг үетэй ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөн давхацсанаар дэлхий нийтийн геополитик, эдийн засгийн нөхцөл байдалд урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэл үүсгээд байгааг дурдаад цар тахлын цаашдын төлөв байдал болон ОХУ болон Украин Улсын зэвсэгт мөргөлдөөн, ОХУ-д тавьж буй эдийн засаг, худалдааны хоригуудын үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал түргэн хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед богино хугацаанд ард иргэдийн амьдралд хамгийн том нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн үнийн өсөлтийг бууруулж, тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулж онцгой журмаар зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгох шаардлага тулгараад байна гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, С.Одонтуяа нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд тогтоолын төслийг баталснаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар төвлөрүүлэх орлого буурах, эсэх гол нэр төрлийн газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензиний хэд хоногийн нөөцтэй байгааг тодруулахын зэрэгцээ шатахууны үнийг хэдий хугацаанд тогтвортой байлгах талаар илүүтэй лавлаж байлаа.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хариултдаа, Монгол Улсын 2023 оны төсөвт энэ талаар төлөвлөөгүй буюу Сангий яам орлого орно гэж тооцоолоогүй гэдгийг онцлоод өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна. АИ-92 автобензин сарын хэрэглээ хамгийн ихдээ 40 мянга, дизель түлш 100 мянган тонн давдаг. Уул уурхайн аж ахуйн нэгжүүд дизель түлшийг илүүтэй нөөцлөдөг бол АИ-92 автобензинийг нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэх нь бага байдаг. Энэ асуудал шинээр орж ирээгүй, гаалийн албан татвар болон онцгой албан татвар тус бүр 0, Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь байна гэж байлаа. Мөн экспортлогч талд томоохон ноцтой байдал үүсэхгүй нөхцөлд тогтоол үр дүнгээ өгнө. Уул урхай, хүнд үйлдвэрийн яамнаас АИ-92 автобензинийн үнийг 2024 оны 01 дүгээр сар хүртэл буюу тогтоолын хугацаанд нэмэгдүүлэхгүй байх бодлогыг барьж байна гэв.

Эцэст нь “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтов

ШИНЭ МЭДЭЭ