Дэд хорооны даргыг сонгож, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа
2023.01.18
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Дэд хорооны даргыг сонгож, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа

 

Дэд хорооны даргыг сонгов

Хуралдаанаар эхлээд “Дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөр тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны харьяа Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй. Дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг нэр дэвшүүлж буйг Байнгын хорооны дарга Б.Саранчимэг танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Агаарын бохирдлын асуудал нь зөвхөн нийслэлийн хэмжээний асуудал биш гэдгийг тэрбээр тэмдэглээд “Цаашид аймгийн төвүүдэд агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг боловсруулж, авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Үр дүнтэй арга хэмжээг нийслэлд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй” гэлээ.


Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгодог бөгөөд өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжив. Иймд “Дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин, баталлаа.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож, Байнгын хорооны тогтоол баталлаа

Хуралдаанаар Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Аубакир танилцууллаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Идэрбат, Ц.Туваан, Т.Энхтүвшин нар ажилласан байна.

Ажлын хэсэг нийт 6 удаа хуралдаж, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, мал, мах экспортлогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулан, мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын явц байдалтай танилцаж, тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллажээ.

Түүнчлэн ажлын хэсэг Баян-Өлгий аймаг дах болон Төв аймгийн Аргалан, Лүн суман дахь мал, мах бэлтгэн нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна. Түүнчлэн махны экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, тэдгээрийн санал хүсэлтийг нэгтгэн, дүгнээд Засгийн газарт чиглэл өгч ажилласан байна. Амьд мал экспортолж буй Дорноговь аймгийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай мөн танилцсан болохоо Ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм.

БНХАУ, Вьетнам Улсын Элчин сайдын яам, Казахстан, Узбекстан Улсын Консулын газруудтай уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Казахстан Улсын Мал эмнэлгийн газрын удирдлагуудтай мал, махны экспорт, импорт, хорио цээрийн асуудлаар цахим уулзалт зохион байгуулжээ.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны тооцооллоор 2022 оны өвлийн улиралд нийтдээ 5.6 сая малыг орон нутгийн хүн амын хүнсний хэрэгцээнд хэрэглэх, 13.7 сая толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулах, хот суурин газрын хүн амын махны нөөц, хэрэгцээнд болон экспортын зориулалтаар бэлтгэж байгаа юм байна.

Аймаг орон нутагт хүнсний хэрэгцээнд 170.0 мянган тонн мах, хот суурин газрын хүнсний хэрэгцээнд 220.0 мянган тонн орчим мах нийтдээ 390.0 орчим мянган тонн малын мах бэлтгэн нийлүүлэх тооцоолол гаргасныг Т.Аубакир гишүүн танилцуулсан. Монгол Улсаас 2022 онд 43 аж ахуйн нэгж Казакстан, Хятад, Орос, Киргизстан, Узбекстан, Япон, Хонгконг, Вьетнам, Иран, Катар, Азербайжан улс руу адууны мах 6.9 мян.тн, бог малын түүхий мах 3.9 мян.тн, үхрийн түүхий мах 0.1 мян.тн, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах 4.9 мян.тн, малын дайвар бүтээгдэхүүн 0.2 мян.тн, нийт 16.0 мян.тн мах, махан бүтээгдэхүүнийг экспортолжээ. 

Дорноговь аймгийн аж ахуйн нэгж 2022 оны сүүлээр 31.0 мян.толгой мал экспортолсон бол одоо өдөрт 1.1 мян.толгой мал амьдаар нь экспортолж байгаа гэх мэдээллийг санал, дүгнэлтэд дурдсан юм. Ажлын хэсэг тус аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр холбогдох яамд, АТҮГазартай холбогдсон, үүний үр дүнд экспорт нэмэгдээд байгаа гэв. Тус аж ахуйн нэгж дундын зуучалгүйгээр бүс нутгийн малчдаас мал худалдан авч, экпортолж байгаагаараа онцлогтой гэдгийг тэмдэглээд энэхүү жишгийг өргөжүүлэхээр Засгийн газрын 2022 оны 424 дүгээр тогтоол гарсан болохыг Т.Аубакир гишүүн танилцуулсан.

Малын эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах зорилгоор хилийн боомтуудыг түшиглэн баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий аймаг, хангайн бүсийн Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган, Булган аймгийн Тэшиг сумдын нутаг дэвсгэрийн тодорхой байршилд, мөн зүүн бүсийн Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрийн 50.0 мянган хүртэл га талбайд, Дорнод аймгийн Халхгол сумын Хөдөө аж ахуйн Халхгол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тусгай хэрэгцээний 120.0 мянган хүртэл га талбайд "Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс" байгуулах асуудлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Мал эмнэлгийн ерөнхий газарт тус тус даалгасан байна. Ийнхүү хил дагуу "Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс" байгуулах нь олон талын ач холбогдолтойг тэрбээр тайлбарласан.

Ажлын хэсэг салбарын яаманд чиглэл өгсний дагуу мал, махны экспортын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Энэ оны гуравдугаар сарын 10-ны өдрийн дотор нэг цонхны үйлчилгээг эхлүүлэх бөгөөд  долоон байгууллагаас 40 гаруй хоног явж бүрдүүлдэг байсан экспортын баримт бичгүүдийг аж ахуйн нэгжүүд ажлын 96 цагийн дотор нэг цонхноос авах юм байна.

Түүнчлэн мал сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр, дотоодын махны нийлүүлэлт, үнийг зохицуулаад бог малыг эргэлтэд оруулах, жил тутам 8-25 сая толгой малыг экспортлох боломж бий гэж тооцсон байна. Өнөөдрийн байдлаар долоон улс руу тогтмол экспорт хийж байгааг Т.Аубакир гишүүн хэлээд, Засгийн газар гадаад харилцааны түвшинд анхаарал хандуулан ажиллах тохиолдолд гарц нэмэгдэх боломж бий гэдгийг хэлэв.


Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ц.Туваан, Б.Бейсен, Н.Ганибал, Ж.Батжаргал нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт мэдээлэл авсан юм. Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх арга хэмжээг 2017 оноос хойш хэрэгжүүлэн ажиллаж байгаа, энэ хүрээнд төрийн 6 байгууллага нэгдэн ажиллах юм байна.

Салбарын яамнаас эл үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбоотойгоор Хүнсний тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий гэдэг саналыг гаргаад байгаа хэмээн ажлын хэсэг мэдээлэл өгсөн.

Мал, махны экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн талаар тодруулсан гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулт өгсөн юм. 2018-2020 онд Монгол Улсаас БНХАУ руу мах экспортлох боломжтой 100 гаруй аж ахуйн нэгжийн нэрийг тус улсын гаалийн байгууллагад хүргүүлсэн ч 2020 оны БНХАУ-ын талаас 10 аж ахуйн нэгжид цахим хяналт хийж, шалгаруулан манай улсад санал болгоно уу гэдэг хүсэлт ирсэн гэв.

Энэ дагуу үйлдвэрүүд дээр видео камер суурилуулан, хяналт шалгалт явуулсны эцэст 4 аж ахуйн нэгжийг шалгаруулан явуулсан байна. Үүний дараа мах экспортлох боломжтой аж ахуйн нэгжүүдээ дотооддоо сонгон шалгаруулаад, түүнийгээ БНХАУ-ын талд санал болгох шийдвэр гарч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 100 гаруй аж ахуйн нэгжээс шалгарсан 34 аж ахуйн нэгжийн нэрсийг илгээсэн байна.

Энэ үеэр цар тахлын нөхцөл үүсэж, хил хаагдсан гэдэг мэдээллийг өглөө. Харин 2022 оны эцсээр мах экспортлох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах асуумж бүхий шалгаруулалтын маягтыг илгээж, энэ дагуу нь шалгаруул 9 аж ахуйн нэгжийн нэрсийг БНХАУ-ын тал руу оны өмнө илгээсэн гэдэг мэдээллийг салбарын яамнаас өгөв.  


Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд нөөцийн махны талаар, мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүсийн талаар асуулт асууж, хариулт авсны дараа хуралдаанд оролцсон гишүүдээс “Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Дараа нь мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортыг эрчимжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжиж, баталлаа.

Байгаль орчны төлөв байдлын тайлан сонслоо

Энэ өдрийн хуралдаанд Байгаль орчны төлөв байдлын тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлого хөтөлбөрт туссан зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийн талаарх судалгаа шинжилгээний дүн, мэдээ, статистик тоо баримт нэн шаардлагатайг тэрбээр тайлангийн эхэнд дурдав.

Монгол орны цаг агаарын 2019-2020 оны жилийн дундаж агаарын темпратур 1.1-1.2 хэм буюу 1940 оноос хойш ажиглагдсан 5, 6 дахь дулаан жил болсон байна. Нийлбэр хур тунадасны хэмжээ 1940 онтой харьцуулахад 2019 онд 35 дахин хур тунадас багатай, 2020 онд 12 дахин хур тунадас ихтэй жил байжээ. Улсын хэмжээнд 2019-2020 онд цаг агаарын аюултай үзэгдэл 168, гамшигт үзэгдэл 32 удаа тохиож, нийгэм эдийн засагт 22.7 тэрбум төгрөгийн шууд хохирол учруулсан байна.

Хүлэмжийн дундаж агууламж тасралтгүй нэмэгдэж, нүүрс хүчлийн хийн агууламж олон жилийн дундажтай харьцуулахад 16.5 хувиар, метаны агууламж 8.8 хувиар тус тус нэмэгдсэн. Монгол Улс Озоны үе давхаргыг хамгаалах тухай конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколоор хүлээсэн үүргээ биелүүлж, тайлант хугацаанд озон задалдаг бодисын импорт хэрэглээг 6.73 тонноор буурууллаа.

Ойн сангийн талбай 2020 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 11.9 хувийг эзэлж байгааг 2018 онтой харьцуулахад нийт талбай 15.3 мянган га-гаар, ойгоор бүрхэгдсэн талбай 59.2 мянган га-гаар тус тус нэмэгдэж, хог чанарын эзлэх хувь 8 хувь болж 0.1 хувиар өссөн болохыг Б.Бат-Эрдэнэ сайд танилцуулсан. Улсын хэмжээнд ойжуулах, ойг нөхөн сэргээх ажлыг 2019-2020 онд 12.9 мянган га талбайд, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 132.9 мянган га талбайд тус тус явуулсан байна. Тайлант онуудад 140 суманд 263 удаагийн ой хээрийн түймэр гарч, 25.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.


Гол мөрний нийт урсац 2019-2020 онд 34-36.2 хувийн хангамжтай байж 32.8-33.3 километр куб урсац бүрэлдсэн нь олон жилийн дундаж урсацаас 1.7 куб километрээр их устай жил болсон гэв. Гадаргуун усны чанарын үнэлгээгээр нийт гол мөрөн, нуурын 92-93 хувь нь маш цэвэр, 5-6 хувь нь бага бохирдолтой, 2 хувь нь маш бохир ангилалд хамрагджээ.

2019-2020 онд гадаргын усны 1950 эх үүсвэр хатаж ширгэсэн бол 930 эх үүсвэр сэргэж, 456 булаг шандын эхийг хашиж хамгаалсан гэлээ. Тайлант хугацаанд нийт 578.2-591.0 сая метр куб ус олборлон ашиглаж, ус ашигласны төлбөрт жилд дунджаар 45-46 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

Монгол орны ургамлын аймагт бүртгэлтэй 7725 зүйл ургамлаас тайлант хугацаанд 11.4 хувийг улаан дансны үнэлгээгээр үнэлэхэд үнэлгээнд хамрагдсан нийт ургамлын 72.5 хувь нь хүний буруутай үйл ажиллагаа буюу амьдрах орчны доройтол, байгалийн гамшигаас үүдэлтэйгээр хомсдож, хамгаалах шаардлагатай болохыг тогтоосон.

Байгалийн ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, менежментийг сайжруулах зорилгоор Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгааг дурдав.

Монгол орны амьтны аймагт 2020 оны байдлаар 141 хөхтөн зүйл, 513 зүйл шувуу, 21 мөлхөгч, 6 зүйл 2 нутагтан, 74 зүйл загас, 13 мянга гаруй зүйлийн сээр нуруугүйтэн бүртгэгдсэн нь 1999-2000 оны тооллогын дүнтэй харьцуулахад дөч хүртэл хувиар өссөн үзүүлэлт аж. Амьтдыг иргэн хувийн хэвшилд хариуцуулан хамгаалуулах замаар зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлж 2019-2020 онд 5 аймагт “Ан агнуурын менежментийн төлөвлөгөө”-г шинэчлэн баталжээ.

2020 онд хийсэн Монгол орны цөлжилтийн төлөв байдлын судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн байгаагаас 4.7 хувь нь нэн хүчтэй, 18.6 хувь нь хүчтэй, 22.1 хувь нь дунд, 31.5 хувь нь сул зэрэглэлд хамрагдаж байгааг 2010 оны судалгаатай харьцуулахад цөлжилтийн сул болон дунд зэрэглэл тус бүр 3.8 хувиар буурч, хүчтэй зэрэглэлийн нутгийн хэмжээ 11.9 хувиар өссөн байна.


Газрын нэгдмэл сангийн 2019-2020 оны ангилаар хөдөө аж ахуйн газар нь нийт нутаг дэвсгэрийн 73.4-77.9 хувь, хот, тосгон бусад суурины газар 0.6 хувь, зам, шугам сүлжээний газар 0.3 хувь, ойн сан бүхий газар 9.2-9.1 хувь, усны сан бүхий газар 0.4 хувь, улсын тусгай хэрэгцээний газар 16.7-21 хувийг тус тус эзэлж, хөдөө аж ахуйн газар 694.9 мянган га, ойн сан бүхий газар 81.1 мянган га, усны сан бүхий газар 24.9 мянган га-гаар тус тус хасагдаж, хот, тосгон бусад суурины газар 10.8 мянган га, улсын тусгай хэрэгцээний газар 790.2 мянган га-аар тус тус нэмэгдсэн аж. Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрч, орхигдсон 8000 га талбайг тогтоож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудаар 1977 га талбайд нөхөн сэргээлт хийлгэн, 635 га-д биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн байна.

Улаанбаатар хотын хөрсний чанарын хяналт шинжилгээний дүнгээр 2012-2020 онд хөрсний чанар, хөрс бохирдуулагч бодис, элментүүд стандартын түвшинд байсныг тогтоосон байна. Аялал жуулчлалын салбарт 2019 оны байдлаар 570 мянга гаруй тур оператор, 520 зочид буудал, 526 жуулчны бааз, амралтын газар үйл ажиллагаа явуулж 577.3 мянган гадаадын жуулчдаас 607 сая ам. долларын орлого төвлөрүүлсэн бол 1 сая орчим дотоодын жуулчдаас 800 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн аж.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 2020 онд гадаад жуулчдын тоо 93 хувиар буурч, салбарын алдагдал 564 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөгт хүрч, 1600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа бүрэн болон хэсэгчлэн зогсоож, 88 мянга гаруй ажлын байр алдах эрсдэлд орсон байгаа юм байна.

Байгаль орчны төлөв байдлын дээрх тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Ж.Батжаргал гишүүн энэхүү төрлийн тайлангийн ашиглалт, буурч буй сөрөг үзүүлэлтүүдийг зогсоох, нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд хэрхэн хамтарч ажилладаг талаар лавласан бол Н.Ганибал гишүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байх Эрээн толгой гэх уурхайн талбайд 6 гол бий бөгөөд энэ талаар тус яаманд хүргүүлсэн хүсэлтийнхээ талаар тодруулж, хариулт авсан юм. Дараа нь гишүүд тайлантай холбогдуулан үг хэллээ.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсож, Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Ц.Энхтүвшин санал, дүгнэлтийг танилцууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар нар ажиллажээ. Ажлын хэсэг нийт 3 удаа, ажлын дэд хэсэг 3 удаа хуралдаж, Байнгын хорооны тогтоолоор баталсан удирдамжийн дагуу 2022 оны арван нэгдүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрүүдэд ажилжээ.

Ажлын хэсэг тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Ашигт малтмал газрын тосны газрын танилцуулга, мэдээллийг сонсож, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалт, хилийн заагийн асуудал, газар ашиглалтын нөхцөл байдал, түүний хэрэгжилтийн талаар холбогдох байгууллагуудаас нэмэлт танилцуулга мэдээллийг авч ажилласан бөгөөд ажлын хэсгийн удирдамжид заасан ажлуудын хүрээнд дараах санал, дүгнэлтийг гаргасан байна.


Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийн маргаантай нэгж талбаруудын талаар:

Богдхан уулын дархан цаазат газар Богдхан уулыг 1974 оны Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 248 дугаар  зарлигаар дархан цаазат газар болгож, 1988 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 78 дугаар зарлигаар хилийн заагийг тогтоосон. 1995 онд Улсын Их Хурлын 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн, хилийн заагийг тогтоосон байдаг аж.

Уг тогтоолоор хилийн заагийг тогтоохдоо газрын нэр, өндрийн тоотоор гаргасан байна. Тухайн үед хилийн заагийг бүртгэх төрийн мэдээллийн нэгдсэн сан үүсээгүй, геодезийн өндөр нарийвчлал бүхий багаж тоног төхөөрөмжөөр эргэлтийн цэгүүдийн солбицлыг тодорхойлоогүйгээс төрийн холбогдох байгууллагууд зөрүүтэй зураглан үйл ажиллагаандаа мөрдөж ирснээс үүдэн хилийн маргаан үүссэн хэмээн санал, дүгнэлтэд дурдав.

Энэ асуудалтай холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг нягтлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбилцолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тодруулж зураглан, эргэлтийн цэгүүдийн солбицлыг тодорхойлж дүгнэлт гаргасан байна.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2022 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын тодруулж зурагласан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг хянан баталгаажуулж мөрдүүлэх, газар ашиглалтын харилцаа үүсээгүй газруудыг хамгаалалтын бүсэд оруулж, хамгаалалтыг сайжруулах”-аар Засгийн газарт үүрэг болгосон.

Түүнчлэн үндэсний төдийгүй дэлхийн экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газар хэмээн ЮНЕСКО-гийн Хүн ба Шим мандлын нөөц газрын сүлжээнд 1996 онд бүртгэж, 1997 онд гэрчилгээ олгосон байна.

Ингээд өнөөдрийн байдлаар Богдхан уулын хилийн заагийн талбайн хэмжээг

•         ЮНЕСКО-д бүртгэгдсэн талбай:                     41,650 га

•         БОАЖЯ-ны ашиглаж буй хил зааг:       42192.4 га

•         Нийслэлийн газар зохион байгуулалт албаны ашиглаж буй хил зааг: 41089.4 га

•         Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар ажлын хэсгээс тодруулж зурагласан талбай 41423.4 га газрын байдлаар зурагласан  байна.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь Улаанбаатар хотоос зүүн тийш 60 км-т оршдог, уул, хад, цохио, гол мөрөн хосолсон газар юм. Улсын Их Хурлын 1993 оны 83 дугаар тогтоол, Засгийн газрын 1994 оны 9 дүгээр тогтоолоор Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрыг байгуулж, улсын тусгай хамгаалалтад авсан.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт Төв аймгийн Эрдэнэ сум, Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс 292905,5 га газар нутаг хамрагддаг.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь аялал жуулчлалын гол бүс нутаг юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан 476 иргэн 138.89 га, 396 хуулийн этгээд 1121.11 га газар буюу нийт 872 нэгж талбарын 1260 га газар ашиглаж байна. Мөн мал бүхий 550 иргэн 577.0 га газрыг ашиглаж байгаа бөгөөд 130 жуулчны бааз, 4 хүүхдийн зуслан, 1 шатахуун түгээх станц тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тулгамдсан асуудлын нэг нь 2005 оноос Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын захирамжаар Тэрэлжийн голын эхэд 2804 иргэн, хуулийн этгээдэд хууль зөрчин газар эзэмшүүлж, өмчлүүлсэн байна. Хамгаалалтын захиргааны зүгээс хууль бус үйлдлийг таслан зогсоохоор хууль, шүүхийн байгууллагад удаа дараа хандсан боловч шийдэгдээгүй өнөөдрийг хүрээд байгаа талаар холбогдох албан тушаалтан ажлын хэсэгт танилцуулсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх авсан боловч хууль тогтоомжийг зөрчсөн газруудын гэрээг цуцалж, нийт 168 иргэн, хуулийн этгээдийн 453.26 га газрын эрхийг дуусгавар болгожээ.

“Чингэлтэй хайрхан” уул орчмын байгалийн нөөц газар Улсын Их Хурлын 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Чингэлтэй хайрхан уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газарт нутагт авсан. Тус байгалийн нөөц газрын хилийн заагийг Засгийн газрын 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолоор 4385.5 га газар нутаг хамруулан тогтоосон бөгөөд уг тогтоолын хавсралтын 8 дахь хэсэгт батлагдсан эргэлтийн цэгийг тогтоохдоо зөрүүтэй тогтоосноос үүдэн хилийн заагийн маргаан үүссэн байна.

Уг хилийн цэсийн маргаан үүссэнтэй холбоотой Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаал, Улсын Их Хурлын 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Чингэлтэй хайрхан уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газарт авсан газрын хил, заагийг геодезийн өндөр нарийвчлал бүхий багаж тоног төхөөрөмжөөр эргэлтийн цэгүүдийн солбилцолыг тодорхойлоогүйгээс үүссэн асуудлыг цэгцлэх, хилийн заагийн солбицлыг нягтлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

Тусгай хамгаалалттай газар нутагт давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрын талаар: Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор Гүн гашууны хоолой, Ташгай таван нуур,

Баяндун уул зэрэг 15 газар, мөн Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолоор 4 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. Улсын Их Хурлын дээрх тогтоол гарснаас хойш Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх газруудад газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байна.


Үргэлжлүүлэн Ц.Энхтүвшин гишүүн ажлын хэсгээс гаргасан санал, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажлуудын талаар танилцуулсан. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзсэн байна. Богдхан уулын хил заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах, хил заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн гэлээ. Улсын тусгай хамгаалалттай газруудын хилийн заагийг тоон мэдээллээр улсын газрын мэдээллийн санд оруулж, хилийн заагийн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэн, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад 2023 оны эхний хагаст багтааж хүлээлгэн өгөх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэжээ.

Улсын Их Хурлын 2019 оны 41, 2020 оны 46 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан нийт 19 газрын хилийн заагтай давхцалтай газрын тосны хайгуулын талбайн асуудлыг дахин нягталж, хилийн цэсийг тогтоох шаардлагатай гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ж.Батжаргал, Ц.Туваан, Г.Ганболд нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан. Дараа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс боловсруулсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70 хувь нь дэмжснээр Байнгын хорооны тогтоол батлагдав. Үүгээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө

ШИНЭ МЭДЭЭ