Т.Аубакир: Хил орчмын аймгуудыг түшиглэж, амьд мал экспортлох чиглэлийг баримтална
2023.01.18
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Аубакир: Хил орчмын аймгуудыг түшиглэж, амьд мал экспортлох чиглэлийг баримтална

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. 

Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн Т.Аубакир "Ажлын хэсэг нийт зургаан удаа хуралдаж, мал, мах бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын нөөц байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Баян-Өлгий, Төв аймгийн хоёр ч үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Экспортын чиг хандлагатай хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн удирдлага болох 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мөн уулзсан. Тэдний санал дээр мониторинг хийж, Засгийн газарт үүрэг чиглэл өгөхөөр ажиллалаа. 

ХХААХҮЯ-ны тооцооллоор 2022 оны өвлийн улиралд нийт 5.6 сая малыг орон нутгийн хүн амын хүнсний хэрэгцээнд хэрэглэх, 13.7 сая малыг зах зээлийн эргэлтэд оруулах, хот суурин газрын хүн амын махны нөөц хэрэгцээнд болон экспортын зориулалтаар бэлтгэж байгаа гэсэн статистик тоо байна.

2022 онд 43 ААН Казахстан, Узбекистан, Япон, Хонконг, Вьетнам, Иран зэрэг улс руу адууны мах 6.9 мянган тонн, бог малын түүхий мах 3.9 мянган тонн, үхрийн мах 1,000 тонн, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах 4.9 мянган тонн, малын дайвар бүтээгдэхүүн 2,000 тонн, нийт 116 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг экспортолсон" гэдгийг танилцууллаа. 

8-25 сая толгой бог малаа жил тутамд экспортлох боломж байна

Харин амьд малын экспортын талаар "Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ААН өмнөх оны сүүлээр 31 мянган толгой мал экспортолсон байна. Тухайн ААН-ийн хувьд Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Хэнтий зэрэг аймгийн малчдын хотноос малыг нь дундын зуучлалгүйгээр үйлдвэрт нь нийлүүлж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа юм. Дорноговь аймагт байгаа ААН-ийг үлгэр жишээ ААН байж болох юм гэж үзэж байгаа. Малчдын гар дээр байгаа малыг түргэн хугацаанд үнэ хүргэх боломж бүрдүүлж байгаа юм. 

Засгийн газрын 424 дүгээр тогтоол гарсан. Ховд, Увс, Хөвсгөл, Булган зэрэг хил орчмын аймгийг түшиглэж, амьд мал экспортлох чиглэлийг баримтална. Нутгийн гүнд эрүүл бүс байгуулаад мах тээвэрлэх явцад хорио цээрийн дэглэм алдагдагдаж байгааг худалдан авагч тал хэлж байна.

Жишээлбэл, Лүн суманд эрүүл бүс бий болгох хүрээнд газрын асуудлыг шийдэх шаардлагатай байна. Холбогдох эрх бүхий байгууллагад чиглэл өгсөн.

Монгол Улсын мал сүргийн бүтцийг алдагдуулахгүйгээр 8-25 сая толгой бог малаа жил тутамд экспортлох боломж байна. Ингэхгүй бол бэлчээрийн даацтай тэмцэх боломжгүй. Ажлын хэсэг ажиллаж эхэлж байхад хоёр улс руу экспортолж байсан бол одоо долоо болсон. Зарим улстай гаалийн татварын асуудал бий. Энэ асуудлыг цэгцлэх чиглэлийг Гадаад харилцааны сайдад өгсөн" гэв. 

ШИНЭ МЭДЭЭ