Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээнүүдийн төслийг хэлэлцэв
2023.01.19
Хууль, эрх зүй

Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээнүүдийн төслийг хэлэлцэв

Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд Иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай 1989 оны гэрээг шинэчилж, иргэний болон арилжааны хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх чиглэлээр тус тусад нь гэрээ байгуулахаар хоёр тал 2021 онд тохироод байгаа аж.

Энэ хүрээнд Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг тухайн улстай 2022 тохирсон гэв. Гэрээний төсөл нь 23 зүйлтэй бөгөөд төсөлд эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, туслалцаа үзүүлэх хүсэлт гаргах, биелүүлэх журам, туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэл, харилцах журам, бусад зүйлсийг тусгасан байна. Тус гэрээг байгуулснаар хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нотлох баримтыг албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах гэх зэрэг тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд туслалцаа үзүүлэх боломжтой болно гэдийг Х.Нямбаатар сайд танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Ц.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 61.5 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Монгол Улсад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр 23 улстай байгуулсан нийт 36 хоёр талт олон улсын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгааг танилцуулгын эхэнд дурдсан юм.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Бүгд Найрамдах Куба Улстай 1989 онд байгуулсан Иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хоёр улсын сүүлийн үеийн эрх зүйн зохицуулалт, практиктай уялдуулж шинэчлэн байгуулахаар хоёр тал 2021 онд тохирсон байна. Ингэхдээ хоёр тал иргэний болон арилжааны хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх чиглэлээр тус тусад нь гэрээ байгуулах нь зүйтэй хэмээн үзэж гэрээнүүдийн төслийг боловсруулжээ. Энэ хүрээнд Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг талууд 2022 онд тохирсон байна.

Гэрээний төсөл нь 20 зүйлтэй, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үндсэн зарчим, харилцах журам, эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, хязгаар, шүүхийн болон шүүхийн бус баримт бичиг гардуулах, нотлох баримт цуглуулах, шүүхийн даалгавар биелүүлэх, баримт бичгийн бүрдүүлбэр, тавигдах шаардлага, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх гэх зэрэг зохицуулалттай.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

ШИНЭ МЭДЭЭ