МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
2023.01.20
Эдийн засаг, Худалдаа

“Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.01.19/ үдээс хойш дахин хуралдаж Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлагчаас төслийн талаар асуулт асуугаагүй юм.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд дээрх төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Э.Бат-Амгалан, Д.Цогтбаатар нар хууль хоорондын уялдааг хангах, давхцал хийдлийг арилгах, хэл найруулга, хууль зүйн техникийн засварыг тусгасан зарчмын зөрүүтэй саналуудыг тус тус гаргасаныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Эцэст нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр, Монгол Улс, Азийн хөгжлийн банктай хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Уур амьсгалын ногоон сан, Европын хөрөнгө оруулалтын банкны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Эдийн Засаг, хөгжлийн яамнаас хөдөө аж ахуйн ложистик, ханган нийлүүлэлтийн төв, үйлдвэр болон кластерын зориулалттай байршлуудыг тодорхойлж, мөн Азийн хөгжлийн банкны зүгээс нийгэм, эдийн засаг байгаль орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн тодорхойлсон байршлуудад харьцуулалт хийж нийт 15 аймгийн төв болон 34 сумын төвүүдэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгосон.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол батлагдсан. Энэ хүрээнд Засгийн газарт гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах үүргийг өгөөд байгаа боловч тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй бөгөөд тодорхойгүй байгаа юм. 

Иймд аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжсэнээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтой эхний 15 аймгийг сонгож, цаашид гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай дэд бүтэц, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл боломж бүрдэнэ. 

Түүнчлэн тус хөтөлбөр хэрэгжсэнээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6 хөгжлийн тулгуур болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, эдийн засаг, нийгмийн хувьд өрсөлдөх чадвартай аймаг, сумдын төвийг бий болгон, мал аж ахуйн өртгийн сүлжээг өргөтгөх ба цаашлаад бүтээгдэхүүний өртгийг бууруулах чиглэлээр хөгжлийн загвар, хувьслыг дэмжих чухал үр дүнг бий болгоно. Мөн Монгол Улсын хөгжлийг аймгийн төвүүд рүү чиглүүлэх, хотоос хөдөө рүү шилжин явах хөдөлгөөнийг дэмжих ба байгаль орчны эерэг үр нөлөөллийн хувьд тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, бэлчээрийн менежментийг сайжруулах зорилготой болно гэлээ 

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 3 транч бүхий урьд өмнө байгаагүй өндөр дүн бүхий буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлүүд олгогдох аж. Тухайлбал нийтдээ 78 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Азийн хөгжлийн банк /3.0 сая ам.доллар/, Уур амьсгалын ногоон сан /45.0 сая ам.доллар/, Европын хөрөнгө оруулалтын банк /30.0 сая ам.доллар/-нуудаас хуваарилахаар мэдэгдээд байна. Цаашид Ерөнхий хэлэлцээрийг яаралтай батлуулснаар Уур амьсгалын ногоон сангаас олгох 45 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг хадгалах боломжтой болох юм байна.

Түүнчлэн, Уур амьсгалын ногоон сангаас авч буй зээл /130 сая ам.доллар/ нь 0 хувийн хүүтэй 10 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 40 жил эргэн төлөх нөхцөлтэй, мөн Азийн хөгжлийн банкнаас авч буй зээл /270 сая ам.доллар/ нь 2 хувийн хүүтэй 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Европын хөрөнгө оруулалтын банкнаас авч буй зээл /150 сая ам.доллар/ нь тогтмол 2.92 хувийн хүүтэй 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй хэмээн танилцуулсан. 


Эдийн засгийн байнгын хорооны санал, санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцууллаа. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод Ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг дэмжиж байгаа. Гэхдээ бэлчээр ашиглах гэрээ гэсэн зүйл төсөлд тусгасан байна. Уламжлалт мал аж ахуй эрхэлдэг малчдын асуудлыг бэлчээр ашиглах гэрээ, малчдын гэрээ гэдгээр зохицуулж болохгүйЭнэ нь малчдын дунд бэлчээрээс үүдсэн маргаан, зөрчилийг бий болгоно шүү. Мөн бэлчээрийн даацад малын тоо толгойг тохируулах, сүргийн тоо толгойг цөөрүүлэх асуудал нь төв орон нутаг руу ирэх нүүдлийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх вийЭнэ асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй хэмээсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ

ШИНЭ МЭДЭЭ