“Президент” спорт цогцолборт 19 нэр төрлийн спортоор хичээллэх боломжтой
2023.02.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Президент” спорт цогцолборт 19 нэр төрлийн спортоор хичээллэх боломжтой

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Президент спорт цогцолбор" бүтээн байгуулалтын асуудлаар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Цай Вэньруйтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар баригдах “Президент спорт цогцолбор”-ын барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн судалгааг Барилга, хот байгуулалтын яамнаас гүйцэтгэсэн.

“Президент” спорт цогцолборын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг 2021 оны 4 дүгээр сараас эхлэн “Гоби травел” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Спорт цогцолборын иж бүрдэл ажлын зураг 3-р сард багтан гарах гэнэ.

Тус спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулах бөгөөд шаардлагатай газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/356 дугаар захирамжаар Барилга, хот байгуулалтын яаманд олгосон.

Төсөл хэрэгжих талбай нь 3.0 га байна. Үүнээс барилгажих талбай нь 1.7 га ногоон байгууламж 0.4 га, зам талбай 1.6 га талбайд байхаар төлөвлөжээ.

Нийт барилга байгууламж нь 59 мянган м2 талбайтай 4 давхар барилга бүхий сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бүх төрлийн бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнес, иога, спиннинг, дугуй, гүйлт гэсэн 19 нэр төрлийн спорт үйл ажиллагаа явуулна.

“Президент” спорт цогцолборын үйл ажиллагааны нэгэн зэрэг нэвтрэх хүчин чадлын тооцоогоор 1,327 хүнд үйлчилнэ.

Энэ нь өдөрт 4,500-6,000 орчим хүүхэд залуучууд спортоор хичээллэж 8,000-10,000 хүнд тус цогцолбор үйлчлэх хүчин чадалтай болно.

Монгол улсын Ерөнхий сайдын 2023 оны 01-р сарын 30-ны өдрийн захирамжаар энэхүү төслийг хэрэгжүүлэх талаар зохих арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан ба бүрэлдэхүүнд Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, холбогдох 5 яамны дэд сайд нар, УБ хотын орлогч дарга, биеийн тамир, спортын 3 байгууллагын төлөөлөгч, ижил төстэй төсөл хэрэгжүүлж байсан инженер зэрэг албан тушаалтнууд багтсан. Ажлын хэсгийг Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улс хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд энэхүү төслийг Хятадын талын санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон.

Өнөөдрийн байдлаар хамтарсан бүтээн байгуулалтын ажил амжилттай эхэлж БНХАУ-ын мэргэжлийн компани нь эхний ээлжид спорт цогцолборын техник-эдийн засгийн үндэслэл буюу шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ, дэд бүтэц, бусад техникийн нөхцөл, спорт барилга байгууламжийн стандартын шаардлага, Монгол улсын цаг агаар онцлог, бусад тооцооллыг гүйцэтгэж байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ