2023.02.06
Орон нутгийн хөгжил

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Архангай аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн, Улсын онцгой комиссын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны хоёрдугаар сарын 2, 3-ны өдөр Архангай аймгийн Булган, Цэнхэр, Түвшрүүлэх суманд ажиллалаа.

Өвөлжилтийн бэлтгэл хангалт, өвс тэжээлийн нөөц, хүрэлцээ хангамж зэрэг нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв. Мөн Аймгийн онцгой комиссыг өргөтгөсөн байдлаар хуралдуулж, өвөлжилт хаваржилтыг эрсдэл багатай даван туулах, малын гоц халдварт мялзан өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, өвчнөөр тайван байх талаар идэвх санаачилгатай ажиллах, аймгийн аюулгүй нөөцийг нэмж бүрдүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.

Монгол Улсын Засгийн газраас эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан Архангай аймагт улсын нөөцөөс 325 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгосон бол салбар яамнаас шатахууны дэмжлэг болгож 10 сая төгрөг, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бэлчээр, тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд компьютер олгосон. Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Архангай аймгийн 4 сумын 40 өрхөд 22 сая төгрөгийн өвс тэжээлийн багц, 17 сум бүрд 1 сая төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүлж, батламжийг гардуулан өгсөн юм.

Сайд Х.Болорчулуун “Цаг хүнд, бэрхшээл их байгаа ч бид сэтгэлийн тэнхээ, итгэл зориг, тэвчээртэй байж, малчид иргэд маань төр засаг, нутгийн захиргааны байгууллагуудтай нэгдэн шуурхай ажиллах шаардлага тулгарч байна. Хамдаа өвлийг өнтэй, малын зүй бус хорогдолгүй даван туулж, төл хүлээн авах ажилдаа шамдан орцгооё” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ