МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Татварын бодлого чангарч ЖДҮ, үндэсний үйлдвэрээ боомилж байна
2023.02.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Татварын бодлого чангарч ЖДҮ, үндэсний үйлдвэрээ боомилж байна

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэрлэн сумын Цогт-Өндөр буюу VI багийн иргэдийн төлөөлөл 60 шахам хүнтэй “Эргэх холбоо-63” иргэдээ сонсох хөтөлбөрийн хүрээнд уулзлаа.

Хэрлэн сумын төвийн багуудын иргэдтэй хийсэн уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг урилгаар оролцож, Засгийн газраас баримталж буй хөдөө аж ахуйн бодлого шийдвэрийн талаар иргэдэд мэдээлэл хүргэж буйгаараа онцлогтой болж байна. Иймээс иргэдийн зүгээс хөдөө аж ахуйн салбарын талаар нэлээдгүй асуулт асууж, санал уламжиллаа.

Багийн иргэд VI багийн төв рүү явах замыг засах шаардлагатай. Аймгийн төвийн мал бүхий иргэд малчдын хороололд суурьшдаг. Сайжруулсан зам зассанаар баг руугаа дурын зам гаргахгүй, нэгдсэн замаар зорчиж бэлчээр талхлагдахгүй. Манай жаахан бэлчээрийг уяачид, адуутай хүмүүс ирээд эзэмшиж бэлчээргүй боллоо.

Монгол улсын татварын бодлого хэтэрхий чангарч ЖДҮ, үндэсний үйлдвэрээ боомилж байна. Үндэсний үйлдвэрээ дэмжихэд татварын уян хатан бодлого хэрэгтэй.

Улсдаа хөдөлмөр, бүтээлээ зориулж насаараа ажиллаж ирсэн бидний үеийн ахмадууд “харьяалалгүй ахмад” нэртэй. Жилдээ төрөөс хоёр удаа тус бүр 10 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Энэ урамшууллыг нэмэгдүүлэх, одонтой ээжийн мөнгийг нэмэгдүүлэх талаар нэг ч эмэгтэй гишүүн үг дуугарахгүй байгаад ахмадууд бид харамсдаг.  Үүнийг анхаарч өгөөч.

Мал эмнэлгийн салбар сэргэж байгаа хэдий ч залуу боловсон хүчин ажиллах нь ховордлоо. Шинэ залуучууд хувийн мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэхэд улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Малын эмч нарыг цалинтай болгож улсын мал эмнэлэгт ажиллуулаад малыг вакцинжуулах үйлчилгээний хөлсийг цалин дээр нэмж олгодог тогтолцоо хэрэгтэй зэрэг санал хүсэлтийг хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ