МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дундговь аймгийн 8 сургууль, цэцэрлэг дотуур байрны 30 объектод боловсон ариун цэврийн өрөө байгуулна
2023.02.15
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дундговь аймгийн 8 сургууль, цэцэрлэг дотуур байрны 30 объектод боловсон ариун цэврийн өрөө байгуулна

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг хэрэгжүүлэхээр заасан.

Энэ хүрээнд УИХ-ын 2020 оны 39 дүгээр тогтоолоор төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ шийдвэрлүүлэхээр болж, УИХ дахь эмэгтэй гишүүд төсөл боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн.

Нийтдээ улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байр хамрагдахаар байгаа юм.
Эл төслийн хүрээнд Дундговь аймгийн найман сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны 30 орчим объектод орчин үеийн боловсон ариун цэврийн өрөө, халуун усанд орох шүршүүрийн өрөөг тохижуулна.

Төслийн эхний үе шатанд Дундговь аймгийн Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Дэлгэрхангай сумдад сургууль, цэцэрлэг, дотуур байрны есөн объектыг ашиглалтад оруулаад байна. Төслийн үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг газар дээр нь очиж танилцлаа.

Дэлгэрхангай сумын сургуулийн хичээлийн хуучин хоёр байр, дотуур байранд орчин үеийн ариун цэврийн өрөө, шүршүүр суурилуулсан байна. Сургуулийн ариутгал татуургын ажлын нэг онцлог нь бохирыг хөрсөнд нь шингээж, ариутгах технологи ашиглажээ. Дэлгэрхангай суманд шинээр ашиглалтад орсон 320 хүүхдийн сургуулийн бохирын асуудлыг зөөж тээвэрлэх бага оврын автомашин шаардлагатайг сургуулийн удирдлага уламжлав.

Дэлгэрхангай сумын сургууль нь 1922 онд байгуулагдсан. Монголын анхны сургууль бөгөөд анхны хичээлийн байраа одоо музей болгон ашиглаж байгаа аж. Сүүлд 1964 онд 160 хүүхдийн, 2019 онд 320 хүүхдийн багтаамжтай хоёр сургууль баригдсан. Хуучин 75 хүүхдийн дотуур байртай, 2001 онд ашиглалтад орсон 60 хүүхдийн шинэ дотуур байртай үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровын нэрэмжит сургууль юм.

ШИНЭ МЭДЭЭ