МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга үргэлжилж байна
2023.02.15
Улстөр

"Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга үргэлжилж байна

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу зохион байгуулж буй "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2023.02.15) хоёр дахь өдрөө Төрийн ордонд "Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах" сэдвийн хүрээнд үргэлжилж байна.

Улсын Их Хурлын дэд дарга, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа үдээс өмнөх нэгдсэн хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Баясгалан, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор М.Алтанбагана нар илтгэл тавьсан.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор Д.Сүнжид, СЭЗИС-ийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) М.Түвшинжаргал, "Улаанбаатар Эрдэм" их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Б.Даваасүрэн, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, дэд профессор, зөвлөх эдийн засагч Б.Түвшинтөгс, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь, Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс нар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулах экспертээр ажиллав. Улсын Их Хурлын дэд дарга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Зөвлөлдөх уулзалтад Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдон ирж, энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцож буй оролцогчдод талархал илэрхийлээд өнөөдрийн сэдвийн хүрээнд орон нутгийн эдийн засаг, жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг хэрхэн дэмжих талаар санал бодлоо түлхүү хуваалцахыг хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ