2023.02.16
Гадаад харилцаа

Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хурал боллоо

Чунчин хот бол БНХАУ-ын төвд захирагдах дөрвөн хотын нэг, машин үйлдвэрлэл, технологи, санхүүгийн томоохон төв болон хөгжиж буй. Тус хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, энэ чиглэлд шинэ гарц, боломжуудыг бий болгохоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын албан томилолттой холбогдуулан Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурлыг зохион байгууллаа.

Хоёр хотын эдийн засаг, худалдаа, бизнесийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын удирдлагууд болон Чунчин хотын Засаг даргын орлогч Зан Гуожи, Чунчин хотын Төрийн өмчийн хяналт, удирдлагын орлогч захирал Ли Шинчян, Чунчин хотын худалдааны комиссын орлогч захирал Фэн Зимин болон тус хотын харьяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хурлын үеэр “Хоёр хотын аж ахуйн нэгжүүд, компаниудын түншлэлийг шинэ түвшинд гаргахаар энэхүү хурлыг зохион байгуулж буй. Бидний цаашдын ажиллагаа  харилцан ашигтай, найрсаг, хоёр талдаа хожих зарчмаар явах, шинэ боломж, гарцуудыг нээх нь тодорхой болж байна. Улаанбаатарын хувьд Чунчин хотын тэргүүн туршлага, техник технологийн ололтууд, нөү-хауг нутагшуулах замаар тулгамдаж буй асуудлуудаа шийдэх, зам, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулна” хэмээн онцолсон юм.

Мөн энэ үеэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар, энэ хүрээнд хийх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн тухай "Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мишээлт танилцууллаа. Тухайлбал, хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулахад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ тойрог зам, тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төслүүдийн талаар онцолсон юм.

Тэрбээр “Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурал нь манай хоёр хотын хамтын ажиллагааны гүүр болж, дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтаас эхлээд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, технологи нэвтрүүлэх гээд бүхий л шатанд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх суурийг тавьж байна” хэмээлээ.

"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Чунчин хотын хувьд технологийн бүтээгдэхүүн, машины үйлдвэрлэл маш сайн хөгжсөн, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын том төвийн хувьд хамтын ажиллагааны олон боломж харагдаж байна. Улаанбаатарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэхэд энэ хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурлын хүрээнд ярьсан ажлуудыг шуурхайлах, тусгай төслүүдийн талаар уулзалтууд хийхээр төлөвлөж байна. Ирэх гуравдугаар сард  болох Улаанбаатарын эдийн засгийн чуулганаар хамтын ажиллагааны эдгээр яриа, хэлэлцээрүүдийг мөн үргэлжлүүлнэ” хэмээн ярилаа.

Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хуралд тус хотын зам тээвэр, барилга, хөрөнгө оруулалт, гадаад эдийн засаг, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй аж ахуйн нэгж оролцож, хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм. Хурлын төгсгөлд Улаанбаатар хотын удирдлагууд Чунчин хотын аж ахуйн нэгжүүдтэй чөлөөт уулзалт хийн, хамтарч ажиллах боломж, нөхцөлөө хэлэлцлээ.

ШИНЭ МЭДЭЭ