Ахмадуудтайгаа учран золголоо
2023.02.21
Орон нутгийн хөгжил

Ахмадуудтайгаа учран золголоо

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг сар шинэ энэ өдрүүдэд Дундговь нутагтаа шинэлж, Дундговь аймагт маань 100 насны босгыг давсан Эрдэнэдалай сумын 7-р багийн өндөр настан Т.Дэжид гуай, Сайнцагаан сумын өндөр настан Ц.Амгалан гуай, С.Маамуу гуай, Сайхан-Овоо сумын өндөр настан С.Цэгмид гуай, Баянжаргалан сумын өндөр настан Б.Алтангэрэл гуай нарынхаа өргөө цагаан гэрээр саатаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн илгээсэн сар шинийн бэлгийг Монгол төрийнхөө өмнөөс өөрийн биеэр хүргэж, тэдэндээ хүндэтгэл үзүүлэн золголоо.

Ахмадуудтайгаа учран золгож, нутаг орон, мал ахуй гээд халуун дулаан яриа өрнүүлж, түүхэн он цагаар аялахдаа сонирхолтой эгэлгүй түүхийн гэрч, Монгол түмэнд “Фронт” хэмээн алдаршиж хилийн чанадад ч нэр алдар нь түгсэн өдгөө 102 насны босгыг алхаж буй Сүрэнхорын Цэгмид гуайг онцлон та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ.
Хүйтэн дайны хүнд хэцүү үед Монголд дайны онц байдал зарлаж, “Бүхнийг фронтод” уриатайгаар айл бүхэн улаан армийн дайчдад бэлэг зэхэж, 19-хэн настайдаа Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэж, түгээлцсэн, олноо “Фронт” хэмээн хүндлэгддэг эгэлгүй түүхийн гэрч, эрхэм хүн юм.

Мөн өдгөө 91 настай ахмад буурал Адаацаг сумын алдарт хоньчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Бямбын Дашзэвгэ гуайд хүндэтгэл үзүүлэн, золголоо.Б. Дэшзэвгэ гуай Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, уламжлалт ахуй, соёлоо хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд амьдралынхаа 70 гаруй жилийг зориулсан, мал маллагааны дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэн, малын ашиг шимийг нь дээшлүүлж, арга ухаанаа залуу малчиддаа үлгэрлэн зааж, залуу малчдыг малч ухаанд дагуулан сургагч, гайхалтай зөвлөгч, багш хүн юм. Тиймдээ ч шавь нарынх нь дундаас долоон Улсын аварга, нэг Гавьяат, Хошой аварга төрсөн аж.

Эрхэм хүндэт азай буурлууд, ахмадууд минь урт насалж удаан жаргаж, үр хойч ирээдүйдээ монгол тал нутгийн уламжлал мал маллах арга ухаанаа харамгүй хайрлаж явахыг хүсэн ерөөе.

Аавын минь ах 90 нас хүрч төрсөн нутаг Дундговьтоо хайртай хүмүүстэйгээ сайхан тэмдэглэлээ.Ухаан саруул, бие эрүүл олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн ах минь бидэндээ сургаал, ерөөлөө хайрлаж бага насны минь дурсамжаас хуваалцаж мартагдашгүй мөчийг хамтдаа өнгөрөөлөө. Сургуулийнхаа амралтаар очиж аргал, хүмүүл түүж, мал сааж, ус зөөж өгч тусалж байсан минь саяхан л санагдана. Тандаа эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШИНЭ МЭДЭЭ