Б.Бат-Эрдэнэ: Цахилгаан автомашины хэрэглээг 30 хувьд хүргэж, агаарын бохирдлыг бууруулна
2023.03.02
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Бат-Эрдэнэ: Цахилгаан автомашины хэрэглээг 30 хувьд хүргэж, агаарын бохирдлыг бууруулна

НҮБ-ын Ази номхон далай эдийн засаг, нийгмийн комисс UNESCAP-ын “Цэвэр агаар” дээд түвшний чуулга уулзалт Улаанбаатарт болж байна.

Хурлаар агаарын бохирдлыг бууруулах асуудлыг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ  “Өнөөдрийн хурлаар бид агаарын бохирдлын асуудлыг олон талаас авч үзэж байна. Юун түрүүнд эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй юм байна гэдэг дээр санал нэгдэж байна. 53 орны төлөөлөл нэгдсэн энэ томоохон хурлаас бид Улаанбаатар хотын тунхгийг  гаргана. Мөн түншлэлийн гэрээ байгуулна.

Бид дан ганц утаа гэлтгүй хуурайшилтаас улбаатай шороо тоос гээд агаарт нөлөөлдөг олон асуудлыг хөндөж байна. Улс орнууд ч өөрсдийнхөө туршлагыг хуваалцаж байна. Жишээлбэл, Казахстан улс 2024 он гэхэд 100 хувь цахилгаан машины хэрэглээнд шилжих шийдвэрийг гаргасан байна. Мөн гэр хорооллынхоо 50 хувьд нь хийн халаалт нэвтрүүлчихсэн байна.

Манай улсын хувьд 2025 он гэхэд цахилгаан авто машины хэрэглээг  30 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Цаашид энэ төрлийн ажлуудаа эрчимжүүлнэ. Өнөөдрийн хурлаар бид Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, мөн 2026 онд НҮБ-ын цөлжилтийн эсрэг хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болсон зэрэг томоохон ажлуудын суурийг тавьж байна” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ