БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Сидней дэх монгол сургуульд зочлов
2023.03.10
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Сидней дэх монгол сургуульд зочлов

 Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австрали Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Сидней дэх монгол сургуульд зочиллоо.

Тус сургуульд Австралид төрсөн болон аав ээжтэйгээ хамт ирсэн хүүхдүүд суралцаж, монгол хэлээ үзэж байна. Тэд монгол хэлээр сурсан зүйр цэцэн үг, дуу, шүлгээсээ сонирхуулжээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус сургуулийг үүсгэн байгуулсан болон одоо ажиллаж буй багш, ажилтнуудад талархал илэрхийлж монгол ном, сурах бичгийн дээжээс гардуулав.
Мөн сургуулийн удирдлага, багш нарын санал хүсэлтийг сонсож, цаашдын үйл ажиллагааг нь дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Энэ үеэр тус сургуулийг үүсгэн байгуулагч Э.Оюумаагийн идэвх санаачилга, хичээл зүтгэлийг үнэлэн Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр шагнав.
Түүнчлэн боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Шинэ Зеланд Улсад оршин сууж буй Сувдааг “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Куртины их сургуулийн доктор Д.Сэндэр, Перт дэх монгол сургуулийн захирал А.Нина нарыг БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнасныг тус тус танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ