МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагууд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрт нэгдлээ
2023.03.13
Орон нутгийн хөгжил

Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагууд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрт нэгдлээ

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 20 сургуулийн удирдлагууд болон нийгмийн ажилтан, хоол зүйч, тогооч, сэтгэл зүйч, биеийн тамирын багш нарын төлөөллийг оролцуулж “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний танилцуулга уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл Монгол хүн” юм.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулан хүүхдээ эрүүл болгох, амьдралын эрүүл, зохистой хооллолт, эрүүл зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөн бүхий эрүүл чийрэг, монгол иргэдийг өсгөж өндийлгөх юм.

Чингэлтэй дүүргийн тухайд ерөнхий боловсролын 20 сургуулийн багш удирдлагууд хэлэлцүүлэг, сургалтанд хамрагдлаа. Тус хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар нар нээж үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Манай Чингэлтэй дүүргийн боловсролын бүх шатны байгууллагад энэ чухал хөтөлбөр хэрэгжиж, хүүхэд бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар болж байна. Өмнө нь манай сургалтьн байгууллагууд хүүхдэдээ таарах таарахгүй нь хамаагүй, хөтөлбөр хөөцөлдсөн сургалттай байсан бол энэ удаад хүүхдээ бодсон, хүүхдийнхээ эрүүл мэндийг цогцоор нь бүртгэдэг, анхаардаг сургалт руу шилжиж байгаа нь сайн талтай. Энэ хөтөлбөр манай дүүрэг хэрэгжсэнээр хүүхдийнхээ эрүүл мэндийн нөхцөл байдлыг үнэлье, хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд цахим карттай болгоё, сургууль, цэцэрлэгийн хоол хүнс, хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан эрүүл Монгол хүүхэдтэй болоё гэж зорьж байгаа юм. Миний хувьд Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүнийхээ хувьд “Эрүүл Монгол хөдөлгөөн”-ий хүрээнд ЕБС-иудыг биеийн тамир, чийрэгжүүлэлтийн стандартын гадна талбайтай болгох, ӨЭМТ-үүдийн үзлэг оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг сайжруулахаар ажиллаж байна. Энэ ондоо багтааж Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн байрыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, багш боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарч байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдаас гадна багш нарын эрүүл мэндэд нэн тэргүүнд анхаарна гэв.

Хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн хоол зүйч, ШУТИС-ийн багш М.Пүрэвжав “Манай улс сургуулийн гал тогооны нэгдсэн стандартгүй учраас зориулалтын бус гал тогоотой сургууль олон байна. Тиймээс сургуулийн удирдлагууд сурагчдын үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хоол ажиллагааны нөхцөлийг сайжруулахын тулд мэргэжлийн хоол зүйчтэй байх ёстой”-г онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ