2023.03.17
Хууль, эрх зүй
Ё.Баатарбилэг: Олон нийтийн санал бодлыг хуулийн төсөлд тусгах ёстойг эл хууль санууллаа
Улсын Их Хурлын хаврын чуулганы өнөөдрийн /2023.03.17/ хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Эл асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалах хуулийн хэлэлцүүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирэхэд ийм нөхцөл байдал үүсэх вий гэдгийг анхаарах хэрэгтэйг хэлж байсан. Хоёрхон гишүүн энэ асуудалд хэлж байсан. Хууль боловсруулах үндэслэл, шаардлага хууль батлагдсны дараа нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, судалгаа хийхдээ хэр бодитой хандаж байгаа гэдэгт хууль санаачилж буй санаачлагчид, Засгийн газар, Их хурлын гишүүд бид бүгд нэлээн нухацтай хандахгүй бол болохгүй гэдгийг энэ хууль маш тодоор харуулж байна.
Хуулийн төслийг анх боловсруулахдаа олон нийтийн санаа бодлыг хэрхэн тусгасан юм. олон нийтийн санал, бодлыг хуулийн төсөлд тусгах тал дээр “Зөвлөлдөх санал асуулга” шиг хэлэлцүүлэг хийж байх хэрэгтэй. нийгэм эдийн засгийн тодорхой асуудлуудад зөвлөлдөх санал асуулгаа явуулж, энэ хууль хэрэгтэй юу, боловсруулахдаа юуг тусгах вэ зэргээр олон нийтийн санал, бодлыг уг хуулийн төсөлд тусгах байсан. Тусгаагүй.
Төрийн бус байгууллагууд иргэний нийгмийн төлөөллийн дуу хоолой хаана байсан бэ. Байгаагүй гэдгийг хуулийн төсөл хэлэлцэх үед байсан хүмүүс хэлсэн. Хуулийн төслийг боловсруулахад сууж байгаа төрийн албан хаагчид тодорхой мэдээллийг хуулийн төслийг ахалж байгаа дарга нартаа өгч баймаар байна. Дарга сайд нар нь ийм хууль оруулна гэхээр амыг нь дагаад л бүх зүйлийг хийдэг амьгүй албат царайлж суусны гор нь энэ. Төрийн албан хаагчид ажлаа хиймээр байна. Энэ хүмүүс үр ашигтай эсэх нөлөөллийг мэдэж байгаа. Хуулийн төслийг санаачилж, боловсруулж оруулж ирж байгаа дарга, сайд нар холбогдох албан тушаалтнуудынхаа үгийг сайн сонсож байх хэрэгтэй.
Эцэст нь УИХ, УИХ-ын дарга, холбогдох байнгын хороод хуулийн төслийг дэг журмаар нь явуулмаар байна. Энэ хуулийг 48-хан цагийн дотор баталсан шүү дээ! Уг хуулийн төсөл хаа, хаанаа анхаарах ёстойг сануулсан том сургамж боллоо.
ШИНЭ МЭДЭЭ
Байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа
2023.03.21
Алтан төлийн эзэд шагналаа гардлаа
2023.02.22
Амжилтаа ахиулсаар Улсын аварга болжээ
2023.02.20