МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.03.17
Хууль, эрх зүй

Б.Баярсайхан: Цахим орчинд хүүхдийг эрхийг хамгаалах бие даасан хууль батлах шаардлагатай

Улсын Их Хурлын хаврын чуулганы өнөөдрийн /2023.03.17/ хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Эл асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Өнөөдөр хүн төрөлхтөн бодит ертөнц болон цахим ертөнцөд зэрэгцэн амьдарч байна. Техник технологи өндөр хөгжсөн энэ үед цахим харилцаа чухал болж байна. Хүний нийгмийн харилцаанд олон эрх зүйн зохицуулалт байдаг. Харин сүүлийн 10 жил идэвхжиж хөгжсөн цахим харилцаанд эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Монгол улс хүн амынхаа тооноос ихээр давхцсан тоогоор фэйсбүүк хэрэглэдэг. Хүүхдүүд нь дөрөвхөн наснаасаа Tik Tok хэрэглэгч болж буй. Өсвөр насны хүүхдүүд нь бүгд цахим хэрэглэгч болсон. Тэдний интернетэд өнгөрүүлж байгаа цаг 4-7 цаг болсон. Дэлхий нийтэд цахим орчинд хүүхдийн эсрэг хүчирхийлэл ихэсч байгаа. Манай улсад ч үүнийг тойроогүй.

2012-2016 онд цахим хүчирхийлэл, сэтгэл гутралаас болж 92 хүүхэд амиа хорлосон. Ийм л орчинд байгаа. Тэгэхээр томчууд бидний цахим орчинд биеэ авч яваа байдал, үг хэллэг, муу зүйл хүүхдүүдэд нөлөөлж байна. Бидний ярьж байгаа бүдүүлэг үг хэллэг, муу зүйлийг хүүхэд багачууд дуурайж, хаалттай груп нээгээд бие биенийгээ цахимаар хүчирхийлж байна.

Тиймээс томчууд бид цахим орчинд соёлтой оролцох, хүүхдүүд харж байгаа гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй. Энэ хуулийг батлуулахад цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг оруулж батлуулъя гэсэн саналуудыг хэлж байсан. Уг хууль бие даасан байх ёстой гэдэгт итгэл төрж байна. Тиймээс эрхэм УИХ-ын дарга аа, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦХХХ-ны сайд  Учрал болон эрхэм УИХ-ын гишүүдээ хөгжингүй орнууд тодруулбал хамгийн сүүлд Филиппин улс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах бие даасан хуулиа баталлаа.

Иймд Баярсайхан миний бие цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг санаачлан батлуулахаар судалгааны ажил дууссан. Тун удахгүй хуулийг дэмжих хэлэлцүүлгийн санал авах болно. Хуралдааныг ажиглаж буй эцэг эхчүүд, томчууд болгон цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг бие даасан хууль болгохыг дэмжиж өгөөрэй гэж хүсэж байна.

ШИНЭ МЭДЭЭ