"Бидний бахархал-2023" өдөрлөгийг зохион байгуулав
2023.03.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Бидний бахархал-2023" өдөрлөгийг зохион байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын засгийн газраас баталсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”, Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн хүрээнд “Бидний бахархал-2023” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчид оролцсон юм.

Уг төслийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр санаачилсан.

Сурагчид Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол цэргийн музейг үзэж, эх түүхийн жимээр аялснаас гадна Цэргийн гавьяаны одонт, Төр цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд асан, Дэслэгч генерал, Шагалын Жадамбын нэрэмжит зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн сурагчдын оюунд хөрөнгө оруулалт хийж “Бидний бахархал” сэдвээр бэлтгэл хурандаа С.Энхтайван илтгэл тавьсан юм.

Энэхүү өдөрлөгөөр шинэ мэдлэг хуримтлуулж, дурсамж дүүрэн цаг хугацааг өнгөрүүлсэн гэдгийг сурагчид хэлсэн. Тиймээс цаашид энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ